Румыны Тагнуулын албанаас тус улсын цэргийн баазуудын талаар мэдээлэл цуглуулж байсан ОХУ-ын иргэнийг баривчилсан гэж мэдээлжээ. Албаны үзэж буйгаар тус хүн хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан байж болзошгүй.
Оросын 40 настай тухайн иргэн Румынд оршин суудаг бөгөөд хоёрдугаар сараас эхлэн түүнийг тагнуулын байгууллага ажиглаж байжээ. Тэрбээр ОХУ-ын талтай шифрлэгдсэн цахим сувгаар холбоотой байсан бөгөөд тэндээс шууд заавар авч байсан аж.
Тагнуулын байгууллагын мэдээлснээр, сэжигтэн Румын дахь үндэсний болон НАТО-гийн цэргийн баазуудын зургийг авч, цэрэг, зэвсэг техник хэрхэн шилжиж байгааг ажиглан мэдээлэл цуглуулсан. Мөн түүнд стратегийн ач холбогдол бүхий цэргийн объектуудыг баримтжуулах даалгавар өгсөн байсан гэж үзэж байна. Тэр дундаа Украинд ашиглагддаг “Антонов” компанийн ачааны онгоцнуудыг Румынд байх үеийн зураг, дүрс бичлэгийг хийх үүрэг өгсөн байжээ.
Румыны эрх баригчид уг ажиллагааг бусад улсын тагнуулын байгууллагуудтай хамтран илрүүлж, улмаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаас нь өмнө таслан зогсоосон гэж мэдэгдэж байна.
Тус улсын Прокурорын байгууллага есдүгээр сарын 8-нд сэжигтнийг баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутган 30 хоног цагдан хорих хүсэлт гаргасан байна.
Румыны Тагнуулын алба уг хэрэг нь ОХУ-ын өмнө нь ашиглаж байсан арга барилтай төстэй гэж мэдэгджээ. Тодруулбал, эмзэг нөхцөлд байгаа хүмүүст их хэмжээний мөнгө амлаж, цахим сувгаар зааварчилгаа өгдөг байна. Румыны талын мэдээлснээр, тус улсад ийм төрлийн хорлон сүйтгэх ажиллагааг 2024, 2025 онд мөн илрүүлэн таслан зогсоож байсан аж.
Сүүлийн саруудад Европын орнууд ОХУ-ыг цэргийн болон батлан хамгаалахын байгууламжийг онилсон хорлон сүйтгэх ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж буруутгах болсон.
Германд Украины цэргийн техник тээвэрлэхэд ашигладаг Лейпциг-Халле нисэх буудалд тэсрэх бодис агуулсан дрон илэрсний дараа Германы эрх баригчид ОХУ-ыг буруутгасан.
Мөн наймдугаар сард Болгар, Итали, Эстонид батлан хамгаалахын салбартай холбоотой үйлдвэрүүдэд хэд хэдэн сэжигтэй гал гарсан байна. Эдгээрийн нэг нь Украинд нийлүүлдэг дроныг үйлдвэрлэдэг үйлдвэр байжээ. Словакт цагдаа нар Украины эзэмшдэг дрон үйлдвэрлэгч компанид гал тавихаар төлөвлөж байсан хүмүүсийг баривчилсан бөгөөд сэжигтнүүдийг “заавар авч байсан” гэж мэдээлсэн байна.
Польшид мөн нисдэг тэрэгний эд анги болон дрон үйлдвэрлэдэг компаниудад гарсан гал түймрийг ОХУ-тай холбон тайлбарласан. Улмаар Европын зарим шинжээч эдгээр үйлдлийг Украины дайнтай холбоотой гэж үзэх болсон. Гэсэн хэдий ч ОХУ Европт хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн. Румын дахь ОХУ-ын Элчин сайдын яам уг хэргийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
