Монголын Урлагийн Зөвлөлөөс Дэлхийн хөшөө дурсгалын сан (World Monuments Fund)-тай хамтран Чойжин ламын сүм музейн Өндөр гэгээний сүмийн дээврийг сэргээн засварлах болон Эрдэнэ зуу хийдийн Алтан суваргын хадгалалт, хамгаалалтын төслийг хамтран хэрэгжүүлж байгаатай холбоотой Дэлхийн хөшөө дурсгалын сангийн Зүүн Азийн бүс хариуцсан захирал Хунши Чао, зөвлөх архитектор Стивен Келли, доктор Ин-сүк Чо нар наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, судалгааны ажлыг зохион байгуулжээ. 

Төслийн хүрээнд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн зөвлөх, доктор Ин-сүк Чо “Барилгын өвийг хамгаалах архитектурын ойлголт ба сэргээн засварлалтын өмнөх судалгаа” сэдэвт сургалтыг Соёлын өвийн үндэсний төв дээр 30 гаруй судлаач, сэргээн засварлагчдад зориулан явуулсан байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзаж, Монгол дахь түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

Дэлхийн хөшөө дурсгалын сангийн энэхүү айлчлал нь Монгол Улсын соёлын өв болох түүхэн сүм хийдүүдийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын стандартын дагуу сэргээн засварлах, байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах болон орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх төслүүдийг цаашид амжилттай үргэлжлүүлэх, олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн