Улс орны ирээдүйг байгалийн баялаг бус, боловсролтой иргэд тодорхойлно хэмээн үзэж Монгол Улс сум, хороо бүрийнхээ шилдэг хүүхдүүдийг сонгон шалгаруулж, дэлхийн шилдэг их сургуулиудад сургахаар “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-ын Бристолын их сургуульд барилгын инженерээр суралцаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн Д.Багдаулеттай ярилцсаныг толилуулж байна. 

Түүний хувьд Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2021 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтад математикаар 758, англи хэлээр 800 оноо авсан бөгөөд дундаж оноогоороо сум, аймгаа тэргүүлэн, улсын хэмжээнд 2 дугаар байрт жагсаж байв. Мөн орон нутгаас англи хэлний шалгалтаар бүтэн оноо буюу 800 оноо авч байжээ. 

-Сургуулиа амжилттай төгсөөд ирсэнд баяр хүргэе. Сайн явж ирсэн үү. Эх орондоо ирэх ямар байна вэ?

-Маш их баярлалаа. Би ирээд удаагүй байна. Нутаг руугаа явж амжаагүй, тухтай холбогдож чадаагүй л явна. Эх орондоо ирэх сайхан байна. Удахгүй төрөлх нутагтаа очиж, тэндээ эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөөтэй.

-Анх “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын нэг болсноо мэдэх мэдрэмж ямар байсан бэ?

-2021 онд сургуулиа төгсөөд ШУТИС-д барилгын инженер мэргэжлээр элсэн орсон. Энэ бол миний багаасаа хүсэж, мөрөөдсөн мэргэжил юм. Сургуулийн ректорын нэрэмжит тэтгэлэг хөөцөлдөөд явж байсан үе л дээ. Тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөх, ЕТГ-ын дэд дарга нар ахтай минь хамт сургууль дээр ирдэг юм байна. Ингээд миний ах анх Ерөнхийлөгчийн захиаг гардуулж өгсөн. Тэр мөчийг одоо ч санадаг. Сэтгэл хөдлөөд, хөөрцөглөөд… Тэгээд л ШУТИС-д элсэн орсон жилийнхээ хоёрдугаар улирлаас шууд бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Суралцаж байсан сургуулийнхаа англи хэлний танхимын удирдлага дор 07:30-19:30 цаг хүртэл маш шаргуу суралцсан. Маш их хөдөлмөрлөж, хичээсний дүнд IELTS-аа өгөхөд 7.0 оноо авдаг юм байна. Энэ нь намайг миний багын мөрөөдөл болох Их Британийн их сургуульд сурах боломжийг нээсэн дээ. Өөрийн мөрөөдөл болсон Оксфорд, Кембрижийн их сургуульд орж чадаагүй ч Бристолын их сургуульд суралцсандаа баярлаж, бахархаж байна. Миний суралцаж төгссөн сургууль бол барилгын мэргэжилтэн бэлтгэдэг чиглэлээрээ улсдаа тэргүүлдэг.

Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд, ИБУИНХУ-д 29 монгол оюутан, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд 15 монгол оюутан суралцаж байгаа.

-Барилгын инженер мэргэжлийг сонгосон шалтгаан юу вэ?

-Барилгын инженер гэж байгаа ч мэргэжлийн чиглэл нь зам гүүр, барилга байгууламж, усан хангамж зэрэг хотын дэд бүтэцтэй холбоотой бүхнийг багтаасан. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон нутагт нэлээд эрэлт хэрэгцээтэй мэргэжил учраас сонгосон. Бристолын их сургуульд суралцаж байхдаа орон нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар мөрөөдөж, мөрөөдлөө сэтгэл дотроо зурдаг байлаа шүү дээ.

-Анх очиход сургуулийн орчин, хүмүүсийн зан харилцаа гээд тэс өөр орчин угтсан биз. Ямар мэдрэмж төрж байв?

-Соёлын ялгаа маш их харагдаж байгаа юм. Хүмүүс нь найрсаг, эелдэг. Жижигхэн зүйл дээр хүртэл нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг. Гадныхны тэр эелдэг байдалд дасах эхний ганц, хоёр сард эвгүй байсан шүү. Дасаж өгөхгүй. Хэсэгхэн хугацааны дараа тэдний дунд орохоор бүх талаараа өөрчлөгдөж эхэлсэн л дээ. Англичуудтайгаа төстэй болчихдог юм билээ. Бүх зүйлээ цоо шинээр эхлүүлж, бие даах хугацаанд гэрээ бага зэрэг санасан. Би айлын бага шүү дээ.

-Хэцүү, шантрах зүйл байсан уу?

-Хааяа гэрээ санахыг эс тооцвол шантрах зүйл бага байсан. Хэцүү санагдахаараа ард үлдсэн гэр бүлээ боддог байв. Надад итгэл хүлээлгэж тэтгэлэгт олгож илгээсэн хүмүүсийг, төрсөн нутагтаа хүлээж байгаа аав, ээжийнхээ итгэлийг даах ёстой гэж бодно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүх манай гэрт хоёр ч удаа очсон шүү дээ. Энэ олон хүн надад итгэж байхад би шантарч болохгүй шүү дээ гэдэг бодол төрдөг байлаа. Би татвар төлөгчдийн мөнгөөр сурч байгаа шүү гэж бодохоор шантрах эрх байгаагүй.

Надад олдсон ийм сайхан боломжийг тултал сайн ашиглаж чадалгүй замаасаа буцвал яах вэ. Өөр нэг хүүхдийн боломжийг хулгайлсан мэт санагдана биз дээ. Тиймээс шантрах тухай ойлголт надаас хол байсан.

-Олон найзтай болсон биз?

-Тийм ээ, маш их. Анх очоод бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж байхад тийм ч олон найз байгаагүй. Монгол найзуудаас гадна хэдхэн гадаад найзтай. Дараа нь Бангладеш, Хятад, Пакистан, Болгарын оюутнуудтай найз боллоо. Европын бусад орноос ч олон найзтай. Зарим нь миний доод анги. Найзууддаа хичээлийг нь зааж өгнө, зөвлөнө. Цагийг ихэвчлэн номын санд л өнгөрөөнө. Гэртээ байхаар өөрийгөө сул болгодог талтай. Тиймээс номын санд суухыг илүүд үздэг оюутан байсан даа.

-Английг анх зорьж байсан Багдаулетыг одоогийхтой харьцуулбал хэр өөрчлөгдсөн бэ?

-Сэтгэл санаа, мэдлэг боловсрол, амьдралд гарах өнцгийн хувьд ч тэс өөр Багдаулет болсон. Анх өөрийнхөө мэдлэгийг зузаатгахад анхаарал тавьдаг байсан бол одоо бусдад сурсан мэдсэнээ зааж зөвлөдөг болжээ.

-Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Намайг юунд ч санаа зовохгүйгээр сургуулиа төгсөхөд үргэлж дэмжиж, ар талыг минь бат даасан аав, ээждээ хамгийн түрүүнд баярласнаа хэлье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Ийм гоё хөтөлбөр санаачилж, Монголын ирээдүй болсон мянга мянган залууст боломж олгож байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнөөгийн нийгэмд хүссэн хүн бүр гадаад руу явж сургуульд суралцаж чадахгүй шүү дээ. Харин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь баян, ядуу, дарга, цэргийн хүүхэд гэж ялгаварлахгүйгээр хөдөлмөрлөж, хичээж чадсан хүүхэд бүрд боломж олгож байна. Мөн Ерөнхийлөгчийн боловсрол хариуцсан зөвлөх Ч.Лодойравсал, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр болон бусад бүх хүнд энэ завшааныг баярлаж явдгаа хэлье. Яг л төрсөн аав, ээж, ах, эгч шиг бидний төлөө санаа тавьж ажиллаж байсныг олон зүйл дэрээс харж байсан. Сурсан мэдлэгээрээ Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, эх орноо хөгжүүлэхийн төлөө хичээнэ ээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн