Колончлолын дараах Хонгконгийн анхны удирдагч  Тун Чи Хуа 89 насандаа таалал төгсчээ. Тэрээр есдүгээр сарын 8-ны шөнө хайртай хүмүүсийнхээ дэргэд насан эцэслэсэн байна. Түүнийг улс гэр, ард түмэндээ үнэнч нэгэн байсан гэж тодорхойлдог.

1997 оны долдугаар сард 150 жилийн колончлол эцэс болоход Тун Чи Хуа Британиас томилсон амбан захирагч Крис Паттений халааг авсан аж. Тэрээр усан тээврийн салбарын томоохон гэр бүлийн өв залгамжлагч байжээ. Азийн санхүүгийн хямрал, хоёр удаагийн халдварт өвчний дэгдэлт, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд зэрэг сорилттой он жилүүдийн эцэст Тун Чи Хуа 2005 онд албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

Тун Чи Хуа 1937 онд Шанхай хотод төрсөн бөгөөд Их Британийн Ливерпул их сургуульд механик инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Дараа нь АНУ руу нүүж, тэндээ 10 орчим жил “General Electric” компанид ажилласан байна. Хонгконгод 1969 онд эргэн ирмэгцээ эцгийнхээ усан тээврийн конгломерат “Orient Overseas”-д ажиллаж, улмаар 1979 онд компанийн удирлагыг гартаа авчээ.

Түүний улс төрийн карьер 1992 онд Крис Паттений Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр томилогдсоноор эхэлсэн гэдэг.

Улс төрийн туршлага багатай ч гэлээ Тун Чи Хуа шинэ Хонгконгийг удирдах хүнээр сонгогдож чадсан юм. 1996 оны нэгдүгээр сард нэгэн хүлээн авалтын үеэр тухайн үеийн БНХАУ-ын дарга Жян Зэминь дүүрэн хүнтэй танхим дундуур явсаар Тун Чи Хуатай очиж гар барьсан нь олон нийтэд өргөн тархсан гэрэл зураг болсон билээ. Энэхүү үйлдэл нь түүнийг Хонгконгийн удирдагчийн албан тушаалд томилохыг Бээжин дэмжиж байна гэсэн дохио гэж үзсэн юм.

Түүний албан тушаалын хугацаанд олон сорилт тулгарсан ч хамгийн том нь 2003 онд болсон иргэдийн жагсаал байв. Хагас сая хонгконгчууд тухайн үед иргэн хүний эрхэнд нь заналхийлж болзошгүй Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцэн жагссан. Олны эсэргүүцлээс улбаалаад Тун Чи Хуагийн засаг захиргааг тус хуулийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч энэ үйл явдал нь түүний 2005 онд албан тушаалаасаа буух эхлэлийг тавьсан гэж үздэг.

Тухайн үед Тун Чи Хуагийн эрүүл мэндийн асуудал ч яригдаад эхэлсэн байсан. Гэхдээ олонх хүн түүний албан тушаалаас буусан явдлыг Бээжингийн дарамт гэж ярьдаг.

Хонгконгчуудын эсэргүүцлийг өдөөж байсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Бээжин эцэст нь 2020 онд хүчин төгөлдөр болгосон юм.

Тун Чи Хуа хамгийн сүүлд 2021 оны долдугаар сард Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр олны өмнө гарч иржээ. Үүнээс хойш цөөн хэдэн сарын дараа тэр зүрхний мэс засалд орсон аж.

Түүний таалал төгссөн явдалд нөлөө бүхий албан тушаалтнууд эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, 2012-2017 онд Хонгконгийг удирдсан Лён Чун-ин түүнийг утга учиртайгаар хүмүүсийг өөртөө татаж чадсан сайхан сэтгэлт удирдагч гэж тодорхойлжээ. Мөн Хятадын “Xinhua” хэвлэлд түүнийг алдарт эх оронч, нийгмийн нэрт зүтгэлтэн, Коммунист намын дотны нөхөр гэж дурссан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн