БНСУ-ын Батлан хамгаалах яам Ойрхи Дорнод руу тусгай баг илгээж, Ормузын хоолойн нөхцөл байдлыг судалж эхэлжээ.
Энэ нь АНУ-аас Ормузын хоолойд дэмжлэг үзүүлэхийг хүссэнтэй холбоотой байж болзошгүй байна. БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Сөүл АНУ-ын хүсэлтийг дагуу Ормузын хоолой руу цэрэг болон эргүүлийн нисэх онгоц илгээх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Гэхдээ Батлан хамгаалах яам тусгай багийг илгээсэн нь цэрэг шууд илгээх шийдвэр гаргасан гэсэн үг биш гэж онцолжээ.
БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, нөхцөл байдлыг судлах баг өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсыг зорьсон байна. Тус баг Ойрхи Дорнод дахь цэргийн байгууламжуудтай танилцаж, шаардлагатай мэдээлэл цуглуулах юм. Тэд энэ долоо хоногт эх орондоо буцаж ирэх төлөвтэй байна.
Гэвч БНСУ-ын хэвлэлүүдийн үзэж байгаагаар, нөхцөл байдлыг газар дээр нь судлах баг илгээсэн нь Ормузын хоолойд цэргийн хүч ашиглах шаардлагатай гэж засгийн газар үзэж эхэлсний илрэл байж болзошгүй аж.
Ормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог бөгөөд дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал замуудын нэг юм. Тиймээс тус бүс нутагт үүссэн аливаа мөргөлдөөн нь газрын тосны нийлүүлэлт болон дэлхийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй.
Харин Өмнөд Солонгосын эрх баригч намын зарим гишүүн тус бүс нутагт цэрэг илгээх асуудалд болгоомжтой хандахыг уриалж байна. Иймээс цэрэг илгээх шийдвэр эцэслэн гарахад улс төрийн болон бусад саад бэрхшээл тулгарч болзошгүй байна.
