СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 9 /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мягмар гарагт Парис хотноо дээд түвшний уулзалт хийх үеэрээ Ормузын хоолойн аюулгүй байдал, хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих эрхийг хангахад хамтран ажиллах талаар хэлэлцсэн ч цэрэг илгээх асуудлыг хөндөөгүй гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөөдөр мэдээлжээ.
Францад төрийн айлчлал хийж буй Ли Жэ Мён хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Э.Макронтой олон улсын аюулгүй байдлын өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхдээ Ормузын хоолойн асуудлыг ярилцсан гэжээ.
“Ормузын хоолойд усан замын чөлөөтэй зорчих эрхийг хангаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг нэн даруй тогтворжуулахын тулд Өмнөд Солонгос, Франц улс нягт уялдаа холбоотой ажиллахаар тохиролцсон” гэж Ли Жэ Мён хэлсэн байна.
Ормузын хоолой нь Өмнөд Солонгосын хувьд эрчим хүчний эх үүсвэрүүдийн импортын чухал зам бөгөөд тус улс өнгөрсөн онд нийт газрын тосныхоо 61 хувь, нафтынхаа 54 хувийг уг хоолойгоор дамжуулан импортолжээ.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэхдээ, хоёр улсын удирдагчид Ормузын хоолойд олон улсын далайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Өмнөд Солонгос ямар хэлбэрээр хувь нэмэр оруулах боломжтой талаар хэлэлцсэн, цэрэг илгээх асуудлыг хэлэлцээгүй гэжээ. “Бид одоогоор хувилбаруудыг судалж байна. Ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Өмнөд Солонгос оролцож магадгүй тухай хэвлэлүүд мэдээлсний дараа Иран дипломат сувгаар тайлбар хүссэн гэдгийг Ви дурджээ.
