FASHION
Алдартай эмэгтэйчүүдийн гоо сайхны асуудал, тэр дундаа ямар мэс ажилбарт орсон зэрэг нь үргэлж л олны анхаарлыг татдаг. Тэдний үрчлээгүй, чанга, гэрэлтсэн нүүр царайг мэргэжлийн, мэргэжлийн бусаас үл хамааран хэн дуртай нь шүүж, ямар мэс засалд орсныг нь таамагладаг. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн шүүмж таамаг эмэгтэй алдартнуудаас хальж, эрчүүд рүү оржээ.
Үүний нэг жишээ нь өдгөө 51 настай жүжигчин Леонардо ДиКаприо. Тэрбээр энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд оролцохдоо уран бүтээлээрээ бус царай төрхөөрөө олныг анхаарлыг илүүтэй татсан. Түүний царай өмнөхөөсөө хавдар багатай, илүү цэвэрхэн харагдсанд олон хүн янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Нэгэн шүтэн бишрэгч нь “Х” платформд жиргэхдээ “Тэр гуаша хэрэглэж эхэлжээ” гэсэн бол өөр нэг хүн “Эцэст нь архинаас гарч, ус ууж эхэлсэн бололтой. Энэ эргэн ирэлтийнх нь 40 хувийг сахал нь авч явж байна” гэжээ. Энгийн шүтэн бишрэгчдээр тогтохгүй гоо сайхны мэс заслын эмч нар хүртэл ДиКаприогийн өөрчлөлтийг анзаарч, санал сэтгэгдэл, шүүмж таамгаа дэвшүүлсэн. ДиКаприо нэг хэсэг бейсболын малгай, амны хаалттай яваад байсны цаад шалтгаан нь мэс засал байж гэх хошигнол ч тухайн үед гараад амжсан юм. Үндсэндээ ДиКаприогийн шинэ дүр төрхийг ихэнх хүн эерэгээр хүлээж авчээ.
Харин 64 настай Жим Керригийн өөрчлөлтөд хүмүүс төдийлөн эерэг хандаагүй. Жим Керри ДиКаприогоос хэдхэн долоо хоногийн өмнө Сезарын шагнал гардуулах ёслолд оролцсон. Угтаа бол Жим Керри нүүрний хувирлаараа олонд танигдаж хайрлагдсан, бүр бүхэл бүтэн карьераа бүтээсэн ч гэж хэлэхэд болох жүжигчин. Гэтэл Сезарын шагнал гардуулах ёслолын үеэр түүний нүүр бараг хөдөлгөөнгүй, хөшүүн харагдсан нь олон хүнийг цочирдуулжээ. Зарим хүн бүр Жим Керриг өөрийн биеэр ёслолд очоогүй, орлон тоглогч явуулсан байна гэх зэргээр егөөдсөн. Элдэв таамгийг алдартнуудын нүүр хувиргагч Алексис Стоун улам дэвэргэж, “Парист Жим Керригийн дүрд хувирсан Алексис Стоун” гэсэн тайлбартай өөрийнхөө нүүр хувиргалтын зургийг инстаграмд нийтэлжээ.
Залуужуулах мэс ажилбарт орсон гэх хэл аманд өртсөн Холливудын эрчүүд тэднээр дуусахгүй.
Жүжигчин Брэдли Купер энэ оны нэгдүгээр сард нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ гоо сайхны мэс засалд ороогүй гэдгээ хэлжээ. Учир нь түүнийг гудамжаар явах үед хүмүүс зорьж ирээд, ямар мэс ажилбар хийлгэсэн бэ гэж асуудаг болоод байгаа аж.
“Barbie” кинонд Кений дүрийг бүтээсэн Райан Гослингийг ч хэл ам тойроогүй. Түүнийг Кений дүрийг бүтээхэд хэтэрхий хөгшиднө гэсэн шүүмжлэл гарсны дараахан цахим орчинд нэгэн зураг тарсан нь ботокс шахуулсан хацартай Райан Гослинг байв. Гэхдээ Райан Гослинг бодитоороо ботокс шахуулаагүй, өөр хэн нэгэн фотошопоор тус даажинтай зургийг бүтээсэн аж.
Жүжигчин Барри Кеоганы уруул, хацар урьд өмнөхөөсөө илүү бомбогор харагдах болсон нь мөн л шинэ цуу ярианы эхлэлийг тавьсан. Тэрбээр хэдэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа гадаад төрхтэй нь холбоотой цахим доромжлол амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар өгүүлжээ. Мөн нөхцөл байдал арай хэтрээд байгаа учир гэрээсээ ч гармааргүй санагдах болсон гэдгээ хуваалцсан юм.
Эрчүүдийн дунд ботокс түгээмэл болсон нь “бротокс” гэх шинэ нэр томъёог хүртэл гаргажээ.
“Бротокс” хийлгэсэн гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн эрчүүд олон байдаг. Тухайлбал, дуучин, жүжигчин Жо Жонас АНУ-ын Хүнс, эмийн захиргааны зөвшөөрөл бүхий ботоксыг орлох гоо сайхны тарилгын нэг төрөл болох “Xeomin”-ийн нүүр царай болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үедээ тэрбээр “Хамгийн сайхан харагдахын нууц нь хамгийн сайхнаар өөрийгөө мэдрэхээс эхэлдэг” гэж хэлсэн юм.
Робби Уильямс, Гордон Рамзи, Жен Симмонс, Том Сандовал, Саймон Коуэлл нар ч ботокс хэрэглэдэг гэдгээ ил тод ярьж байсан.
Заавал Холливудын од гэлтгүй эгэл жирийн эрчүүд ч гоо сайхны мэс засал хийлгэх нь олширчээ. Их Британийн Гоо сайхны пластик мэс заслын эмч нарын холбооны мэдээлснээр, тус улсад хийгдсэн нийт гоо сайхны мэс заслын 6.5 хувийг эрчүүд эзэлж байна. Мөн 2023-2024 оны хооронд нүүр болон хүзүү өргөх мэс заслын тоо 26 хувиар өсчээ. Харин АНУ-д ботокс болон тарилгын эмчилгээнд орж буй хүмүүсийн зургаан хувь нь эрчүүд байгаа аж.
Энэ чиг хандлагын цаад шалтгааныг Ньюкаслын их сургуулийн эрэгтэйчүүд судлалын профессор Крис Хэйвуд тайлбарлахдаа “Уламжлал ёсоор эрчүүдийг хийдэг ажил хөдөлмөрөөр нь үнэлдэг байсан ч одоо цаг үе өөрчлөгдөөд биедээ хэрхэн арчаатай байгаагаар нь тэдний үнэ цэнийг тодорхойлдог болсон. Ажил дээрээ амжилт гаргах нь мэдээж үнэ цэнтэй хэвээр байгаа. Гэхдээ өөртөө анхаарал тавих, зохистой хувцаслах, арчаатай байх, гадаад төрхөө тордох зэрэг нь улам л чухал болж байна” гэжээ.
Үүний зэрэгцээ нийгмийн сүлжээ, “Zoom” гэх мэт цахим уулзалтын платформууд, болзооны шоу нэвтрүүлгүүд зэрэг хүчин зүйл нь төгс харагдах соёлыг эрчүүдийн дунд хүчтэй түгээн дэлгэрүүлж байна. Энэ нь нэг талаасаа эрчүүдийн сэтгэл түгшилтийн шалтгаан ч болж байгаа аж.
Гоо сайхны мэс ажилбараас гадна залуужуулахад чиглэсэн янз бүрийн трэнд цахим орчинд эрчээ авсаар байна. Эрчүүдийн гадаад төрхийг сайжруулахад чиглэсэн энэ чиг хандлагыг “looksmaxxing” буюу “гадаад төрхөө төгс төгөлдөр болгох” гэж нэрлэдэг.
Өнөөг хүртэл хүн төрөлхтөн эрчүүд сармагчнаас жаахан дээр байхад болно гэсэн чиг баримжаатай байв. Сайхан харагдах хүслийг илүү эмэгтэйлэг шинж чанартай холбож ойлгодог байсан цаг саяхан. Гэвч сүүлийн үеийн чиг хандлага энэ чиг баримжааг яах аргагүй эвдэж, тогтсон хүлээлттэй зөрчилдөж байна.
Үүнийг ул шалтгаанаар нь ухаад үзвэл хөгшрөлтийг тойрсон сөрөг ойлголт улам гүнзгийрч буйн шинж. Нас нэмж, хөгшрөхийг үл хүсэх энэ чиг хандлагаас болоод хүмүүс төгс бус байдал, гадаад төрхийн олон янз байдлыг улам л хүлээн зөвшөөрөх дургүй болж байна.