ЦУОШГ-ын мэдээлснээр, энэ сарын сүүлч, 10 дугаар сарын эхний 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутагт цас орж цочир хүйтрэх төлөвтэй тул ургац хураах бэлтгэлээ базааж, хугацаанд нь шуурхай хураах, хаягдалгүй технологи боловсруулах, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжихэд төрийн байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог хангах шаардлагатай байна.
ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат Улсын ургацын комиссын хурлын үеэр ярихдаа, “Төрөөс үндсэн нэр төрлийн таримлыг дотоодоос хангах, үнийг тогтворжуулах олон чухал шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал, “Атар-4” аяны хүрээнд тариалангийн технологит ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэг, арилжааны банкны эх үүсвэр бүхий 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгосон. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагч, ажил эрж буй иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураахад оролцуулна. Эхний ээлжид ЗХЖШ-аас цэргийн 2300 алба хаагч, ХААИС-ийн 500 гаруй оюутныг гэрээгээр ажиллуулах болсон” гэв.
Тэрбээр комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өглөө. Албан даалгаварт мал, амьтнаас ургацаа үр дүнтэй хамгаалах ажлыг орон нутагт зохион байгуулах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан ургацын мэдээг үнэн зөв, шуурхай гаргаж, улсын нэгдсэн тайланд тусгуулахад онцгой анхаарахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, ургац хураахад оюутан залуус, цэргийн алба хаагч, ажилгүй иргэдийг оролцуулах, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг яам, агентлагийн удирдлагуудад даалгажээ. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхэд шаардагдах 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлж, тасралтгүй хангахыг АҮЭБЯ, АМГТГ, ХААК-ийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
“Энэ жил таримлын болц харьцангуй жигд ч, урьд жилүүдийнхээс ургац хураах ажил 5-10 хоногийн хойно эхлэж байгаа тул ургацаа богино хугацаанд хураах, ажиллах хүн, хүчээ шуурхай хуваарилах, шатахууны хангамж, нийлүүлэлтийг тариалангийн бүсэд тогтвортой болгох, байнга хянаж мэдээлэх, зам гүүрийн эвдрэлийг шуурхай засах, эрчим хүч хязгаарлахгүй, ургац тээврийг дэмжих зэрэгт албан тушаалтнууд онцгой анхаарахыг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат онцолжээ.