Хөгжмийн салбарын магнат Бан Си Хёкийг яллагдагчаар татахыг санал болгожээ

СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 4 /Kyodo/. K-попын супер од BTS хамтлаг харьяалагддаг агентлагийн тэргүүн, хөгжмийн салбарын магнат Бан Си Хёкийг хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр яллагдагчаар татахыг Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага прокурорт санал болгожээ.

Сөүлийн цагдаагийн газраас пүрэв гарагт Бан Си Хёкт холбогдох хэргийг хөрөнгийн зах зээлийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт яллагдагчаар татах саналтайгаар Сөүлийн Өмнөд дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

HYBE компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бан Си Хёк нь 2019 онд хөрөнгө оруулагчдад компани нь хувьцаагаа хөрөнгийн биржид санал болгохоор төлөвлөөгүй гэж төөрөгдүүлж, улмаар тэднийг HYBE анх удаа хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа гаргахаас /IPO/ хэдхэн хоногийн өмнө хувьцаагаа хувийн хөрөнгө оруулалтын санд худалдахад хүргэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Уг сан нь Бан Си Хёктой байгуулсан тусдаа гэрээний хүрээнд IPO хийсний дараах хувьцааны борлуулалтын ашгаас 30 хувийг түүнд олгохоор тохиролцож, түүнд 200 тэрбум орчим вон буюу 147 сая ам.доллар төлсөн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас өмнө нь мэдээлж байв. 

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, цагдаагийн байгууллага пүрэв гарагт мөн HYBE-ийн удирдах албан тушаалтнууд, хувийн хөрөнгө оруулалтын сангийн ажилтнууд зэрэг өөр дөрвөн хүнийг яллагдагчаар татах санал гаргажээ.

Харин HYBE-ийн төлөөлөгчид “Бан Си Хёк ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллага өмнө нь дөрөв, тавдугаар сард Бан Си Хёкийг баривчлах хүсэлтийг хоёр удаа гаргасан боловч прокурорууд түүнийг баривчлах хангалттай үндэслэл байхгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын шаардлагыг биелүүлээгүй гэж үзээд уг хүсэлтийг буцаасан байна. 

Ажиглагчдын үзэж буйгаар, прокурорууд Бан Си Хёкийг шууд яллагдагчаар татахын оронд цагдаагийн байгууллагад хэргийг дахин шалгах чиглэл өгч магадгүй байна.

BTS хамтлаг уран бүтээлээ бараг дөрвөн жил завсарласны эцэст энэ оны эхээр эргэн ирж, олны хүсэн хүлээсэн дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлсний дараа Бан Си Хёкийн хууль эрх зүйн асуудал олны анхаарлын төвд оржээ. Тус хамтлагийн гишүүд Өмнөд Солонгост цэргийн албаа хаах үедээ уран бүтээлээ ийнхүү завсарласан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн