Сири: Ассадын үеийн химийн зэвсгүүдийг устгаж байна

Сири улс ерөнхийлөгч асан Башар аль-Ассадын үед хэрэгжүүлж байсан химийн зэвсгийн нууц хөтөлбөрийн үлдэгдлийг устгаж эхэлжээ. Иргэний дайны үед үхлийн аюултай хийн халдлагад ашиглаж байсантай төстэй түүхий эд, сум зэрэг нь үүнд багтаж байна.

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Изуми Накамицүгийн мэдээлснээр, 2014 оноос хойш анх удаа Сирид хадгалагдаж байсан химийн зэвсгийг устгасныг баталгаажуулж байгаа нь энэ аж.

Сирийн шинэ удирдлага өнгөрсөн тавдугаар сард Ассадын үеийн химийн зэвсгийн хөтөлбөрийн үлдэгдлийг илрүүлжээ. Үүний дараах нэмэлт шалгалтаар химийн зэвсэг үйлдвэрлэдэг өөр нэг байгууламж, мэдрэл саажуулах бодис үйлдвэрлэхэд ашигладаг урьд нь бүртгэгдээгүй химийн бодис, мөн хоосон химийн сум хэрэгслийг шинээр илрүүлсэн байна.

Улмаар өнгөрсөн сард НҮБ-ын дэмжлэгтэй Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирид шинжээчдийн баг илгээж, химийн зэвсгийн гуравдугаар ангилалд хамаарах зүйлсийг устгасныг баталгаажуулжээ. Энэ ангилалд химийн бодисоор цэнэглээгүй сум хэрэгсэл, химийн зэвсэг ашиглахад шууд зориулагдсан тоног төхөөрөмж багтдаг.

Сирийн НҮБ дахь суурин төлөөлөгч Ибрахим Олаби “Өмнөх дэглэмээс чөлөөлөгдсөний дараах анхны устгалын ажиллагаа энэ боллоо. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Сирийн нутаг дэвсгэр дээр химийн зэвсэгтэй холбоотой материалыг устгаж буй анхны тохиолдол юм. Энэ ажиллагаагаараа Сири улс бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулж байна. Гэхдээ Израилийн удаа дараагийн цохилтууд зарим ажиллагаанд саад учруулж, газар дээр ажиллаж буй багуудыг эрсдэлд оруулж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн