“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оноос хойших гадаад харилцаа, олон улсын түвшинд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг гэрэл зургаар харуулсан “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” үзэсгэлэнг “Норпэй арт галерей”-д өнөөдөр нээлээ.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Н.Батмөнх нарын хамтран гаргаж буй тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны хүрээнд хийсэн төрийн айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцсон мөчүүдээс гадна Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулахад чиглэсэн үйл ажиллагааг онцлон харуулжээ.

2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын улс орнуудаас нийт 19 төрийн айлчлал хүлээн авч, 2021 оноос хойш гадаадад 15 төрийн айлчлал хийсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, цөлжилттэй тэмцэх, байгаль орчны чиглэлийн олон улсын хурал зэрэг олон улсын 10 гаруй томоохон үйл ажиллагаанд оролцжээ.

Эдгээр үйл явдал, уулзалтын үеэр авсан гэрэл зургуудыг тус үзэсгэлэнд дэлгэжээ. Нийт 75 жаазтай зураг байршуулснаас нэг жаазанд олон зураг багтаасан тул зургаар нь тооцвол 100 гаруй бүтээл үзэгчдэд хүрч байна.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий үзэсгэлэнгийн онцлогийн талаар ярихдаа, “Бүх зураг өөр өөрийн гэсэн онцлогтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны үйл ажиллагааг он цагийн дарааллаар, тухайн агшнаар нь харуулж байгаа. Бид энэхүү үзэсгэлэнгээр албан уулзалт, гар барьж байгаа, гэрээнд гарын үсэг зурж байгаа зэрэг мэдээний зурагт түгээмэл гардаг агшнуудаас арай өөр өнцгийг харуулахыг зорилоо. Илүү чөлөөтэй, тухайн хүний зан чанар, харилцаа, үйл явдлын уур амьсгалыг мэдрүүлэхүйц зургуудыг сонгосон. Мөн Ерөнхийлөгч гадаад харилцааны үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсын түвшинд хэрхэн сурталчилж, таниулж байгаа нь харагдаасай гэж хүссэн. Тухайлбал, гадаадын зочдод Монголын үндэсний хувцас, соёл, ахуйг танилцуулж байгаа мөчүүд, гадаадад айлчлах үеэрээ Монголын соёл, өв уламжлалыг бусдад сурталчилж байгаа үйл ажиллагааг харуулсан зургуудыг түлхүү сонгосон” хэмээв.

Түүний хувьд гэрэл зураг нь тухайн агшныг баримтжуулан үлдээдэг онцгой ач холбогдолтой. Тиймээс үзэсгэлэнд зөвхөн төрийн албан ёсны үйл ажиллагааг бус, тухайн мөчийн уур амьсгал, харилцаа, сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхийг зорьсноо онцолж байв.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Н.Батмөнх нар 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжилж, хамтран ажиллаж буй. Харин энэ удаагийн үзэсгэлэн нь тэдний хувьд хоёр хүний нэрээр дагнан гаргаж буй анхны хамтарсан үзэсгэлэн болж байна. Тэд Төрийн ордонд гэрэл зураг болон видео бүтээлийг хослуулсан үзэсгэлэнг өнгөрсөн жил хамтран гаргаж байв.

Энэ сарын 18-ныг хүртэл гарах тус үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны үйл ажиллагааг албан ёсны хүрээнээс илүү өргөн өнцгөөр харуулж, Монголын соёл, уламжлал, үнэт зүйлсийг дэлхийд таниулах үйл явцыг гэрэл зургийн хэлээр өгүүлж буйгаараа онцлогтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн