Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийнхны “Айраг” фестиваль Улаанбаатар хотын Шагайн асарт тав дахь жилдээ болох гэж байна.
Энэ сарын 18, 19-нд зохион байгуулах айргийн баярыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн уран бүтээлийг сурталчлан алдаршуулах зорилгоор “Дуунд дуртай болов оо би” дуугаар нэрлэжээ. Энэ үеэр Дундговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор амжилт үзүүлсэн бөхчүүд, уяач, харваачдад хүндэтгэл үзүүлэхээс гадна цагаан идээний үзэсгэлэн, дэмбээний тэмцээн, тансаг айраг фестиваль зохион байгуулах аж.
Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг айргаараа улсдаа дээгүүрт жагсдаг. Таана, хөмүүл, агь, ганга, бут, бударгана, дэрс гээд аагтай болгоны цуглуулга болсон говь нутгийн намрын айргийг хэдэнтээ залгилахад толгой манарч, хацар улаа бутардаг билээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн айргийн баяраар Монголд анх удаа 512 дэмбээчний тэмцээнийг зохион байгуулсан юм. Дэмбээдэхэд нас хамаардаггүй бөгөөд эртний уламжлалт наадгай юм. Эрт үеэс зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчид хонь малаа хотлуулсны дараа, зав чөлөөгөөрөө наадаж ирсэн түүхтэй.