НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 4 /ANADOLU/. Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын хяналт шалгалтын багууд Сири дэх химийн зэвсгийг “дахин сэргээгдэхгүйгээр” бүрэн устгасан гэж НҮБ-ын Ерөнхий бичгийн даргын зэвсэг хураах асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Изүми Накамицү мэдэгдлээ.
Тэрбээр Сирийг цэрэггүйжүүлэх асуудлаарх “Ойрх Дорнод дахь нөхцөл байдал” сэдэвт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлжээ.
НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын /ХЗХБ/ хяналт шалгалтын багууд хамтран химийн зэвсэг хадгалдаг объектуудад шалгалт хийж, устгах үйл явцыг хянасан гэдгийг Накамицү хэллээ. Сирийн талын өгсөн мэдээлэл ба химийн бодисуудын бүртгэл нь хоорондоо зөрүүгүй тохирч байсан бөгөөд химийн бодисуудыг сэргээх боломжгүйгээр устгасан болохыг ХЗХБ баталсан байна. Тус байгууллага 2014 оноос хойш анх удаа Сириэс тээвэрлэн авчирсан химийн зэвсгийг устгажээ.
Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр НҮБ-д суугаа Сирийн Байнгын төлөөлөгч Ибрагим Олаби хэлэхдээ “Израилын армийн байнгын дайралт нь химийн зэвсгийг эрж хайх, устгах ажиллагаанд саад учруулж байсан төдийгүй зарим үе шатанд ажиллагаа бүрэн зогсож байсныг” дурдлаа.
Энэхүү дайралтууд нь зөвхөн бидний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж байна гэж тэрбээр мэдэгджээ.