“2026 оны Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-ны өдрүүд буюу ирэх бямба, ням гарагт нийслэлийн Сүхбаатарын талбайд болж, Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолт, K-POP концерт зэрэг биечлэн оролцох хөтөлбөрөөр дамжуулан Солонгосын төрөл бүрийн соёлыг танилцуулах гэж байна.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах энэхүү арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас Монгол-Солонгос хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор 2015 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Солонгосын соёлын томоохон баяр юм.
Арга хэмжээ бямба гаргийн 13:30 цагт Күккивоны таеквондогийн үзүүлэх тоглолтоор эхлэх бөгөөд тус тоглолтоор дэлхийн өндөр түвшний таеквондогийн ур чадвар, эрч хүчтэй үзүүлбэрийг толилуулах бол үргэлжлүүлэн 14:00 цагт хүндэт зочид, төлөөлөгчид оролцсон албан ёсны нээлт болно.
Нээлтийн дараа “NAVILLERA” охидын хамтлагийн K-POP тоглолт болно. Мөн хоёр өдрийн турш Солонгос ардын уламжлалт тоглоомын тэмцээн, Монгол ардын үндэсний урлагийн тоглолт, “K-Food Challenge”, Монголын K-POP сонирхогчдын “OPEN MIC” ковер дууны тайз, “Random Play Dance” зэрэг үзэгчид Монгол-Солонгосын соёлыг нэгэн зэрэг мэдэрч, биечлэн оролцох төрөл бүрийн хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдана.
Түүнчлэн есдүгээр сарын 5-ны 18:00 цагт, Солонгосын алдарт дуучин Минён (BBGIRLS), SHAUN болон Монголын дуучин Ука нарын тоглох “K-WAVE” концерт болж, баярын уур амьсгалыг улам хөгжүүн болгох юм.
Арга хэмжээний талбайд тайзны тоглолтуудаас гадна K-Food, K-Beauty&Wellness, ханбуг болон Солонгос ардын уламжлалт тоглоом (тухо шидэх, гонгинори зэрэг)-ыг биечлэн тоглож үзэх хөтөлбөрүүд болж, солонгос аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төрөл бүрийн сурталчилгаа, борлуулалтын асар ажиллана. Тус сурталчилгаа, борлуулалтын асруудад дурсгалын бэлэг тараана. Түүнчлэн үзэгчид асруудаар зочлох бүрдээ тамга цуглуулж, бинго тоглоомыг бүрэн бөглөсөн тохиолдолд тухайн өдрийн эхний 150 оролцогч Элчин сайдын яамнаас бэлтгэсэн гэнэтийн бэлгийн эзэн болох боломжтой юи.
“2026 оны Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээний бүх тоглолт, хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудас болон албан ёсны сошиал хуудсаар авах боломжтой.