Москва орчмыг наймдугаар сард 8670 дрон онилжээ

Москва хотын дарга Сергей Собянин наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд Украины 8,670 дрон Москва болон Москва мужийг чиглэн ниссэн гэж мэдээлжээ.

Түүний мэдээлснээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн ихэнх нь дронуудыг нийслэлийн захад хүрэхээс нь өмнө устгасан байна. Мөн 795 дроныг Москва руу ойртож байх үед устгасан гэж Собянин мэдэгдэв.

Гэхдээ тэрбээр агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтэрсэн дроны тоо, унасан хэсгүүдийн улмаас учирсан хохирол болон хүний амь нас, эрүүл мэндэд гарсан хохирлын талаар мэдээлээгүй байна.

Дайн эхэлснээс хойш Москва болон ойролцоох бүс нутгийг онилсон хамгийн том дроны халдлага наймдугаар сарын 18-ны шөнө болсон байна. Тухайн шөнө хотыг чиглэн 650 орчим дрон ниссэн гэж Собянин мэдээлж байжээ.

Энэ мэдэгдэл Украины ерөнхийлөгч Володимир Зеленский агаарын тээврийн компаниуд болон даатгалын байгууллагуудад ОХУ-ын агаарын орон зайд нислэг үйлдэх нь аюултай болсон гэж анхааруулсны маргааш гарчээ.

Мөн Украины гадаад хэргийн сайд Андрей Сыбиха ОХУ-ын агаарын орон зайг иргэний нислэгт аюултай болсон талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн