“Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-ыг Киргиз Улсад албан ёсоор нээлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек, Чолпон-Ата хотод зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-ын албан ёсны нээлт Бишкек хотноо өчигдөр боллоо.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, тус наадмыг өмнө нь Киргиз улсад гурван удаа (2014, 2016, 2018), Турк (2022), Казахстан (2024) улсад амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Наадмын үндсэн хөтөлбөр нь дараах гурван чиглэлээр явдаг. Үүнд:

  • Спорт: Морин уралдаан, көк-бөрү (тулам булаалдах), уламжлалт бөх, сур харваа, ав хоморго (бүргэдийн ан), оюуны спорт зэрэг төрөл багтжээ.
  • Соёл урлаг: “Этно хотхон” байгуулж, үндэсний гар урлал, хөгжим, бүжиг, хоол хүнсний үзэсгэлэн дэлгэнэ.
  • Шинжлэх ухаан: Нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, өв уламжлалын талаарх шинжлэх ухааны хэлэлцүүлэг наадмын хүрээнд явах юм.

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны албан ёсны төлөөлөгч, 3,500 гаруй хүн оролцож, угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөж байна.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцож, Монгол Улсын багийн тугийг Улсын заан Д.Анар заллаа.

Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 47 тамирчин,  135 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, үндэсний спорт, өв уламжлалаа сурталчлан таниулж байна.

Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний бөхийг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтаасан явдал юм. Манай төлөөлөл барилдааны зохион байгуулалтад оролцож, үндэсний бөхийн уламжлалыг олон улсад таниулж байна. Манай улсын баг тамирчид 2024 онд Казахстан Улсад болсон V наадамд 16 төрөлд 66 тамирчинтай оролцож, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцжээ. Энэ жил амжилтаа улам ахиулахаар бэлтгэлээ бүрэн хангасан байна.

“Нүүдэлчдийн олимп” хэмээн нэрлэдэг тус наадам Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн