Тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

БОУАӨЯ-ны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, БНСУ-ын Үндэсний паркийн албаны төлөөлөлтэй ТХГ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан төслүүдийг тодорхойлох талаар уулзлаа.

Хоёр улсын байгаль орчны салбарын хувьд Сеораксаны ТХГ, Хан Хэнтийн улсын ТХГ-ын хамгаалалтын захиргаад 2009 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд нүүдлийн шувууд, уур амьсгалын өөрчлөлт, ургамлын тархалтыг судалж, туршлага солилцохоор давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчийг хамруулан туршлага, мэдлэг ур чадвараа дээшлүүлжээ. Хамтын ажиллагааны үр дүнд хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавх, судалгаа шинжилгээ, техник технологийн хэрэглээ, экологийн боловсрол, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд ахиц гарсаныг онцолж, цаашид зэрлэг амьтан аврах, сэргээн нутагшуулах төв байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар харилцан тохиролцов.

Цаашид талууд байгалийн аялал жуулчлалыг хариуцлагатай, тогтвортой хөгжүүлэхэд анхаарч, жуулчны урсгал, даацыг зохистой удирдах, байгальд ээлтэй маршрут, үйлчилгээ нэвтрүүлэх, зочдын аюулгүй байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр туршлага, сайн жишээ солилцоно. Мөн байгаль хамгаалагч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, экологийн боловсрол, сурталчилгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. 

БНСУ-ын Догюусаны ТХГ, Монголын Горхи-Тэрэлжийн БЦГ хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 онд байгуулжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн