Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд маргаашаас ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэснээс 1,228 нь сургуулийн орчинд үйлдсэн. Сургуулийн орчинд үйлдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэжээ. Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байна. Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хууль сахиулах, холбогдох байгууллагаас аян, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлага бий болсон. Иймд “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна” хэмээн онцлов.
“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль, түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэх эрсдэлтэй цэг, орц, гарц, замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллах юм.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл, бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран тогтмол зохион байгуулж, “School police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангах аж.
Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэх юм. “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.
Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд гэр бүл, сургууль, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс уриалав.