БИШКЕК, 2026 оны наймдугаар сарын 31 /Kazinform/. Киргизийн ард түмэн жил бүрийн наймдугаар сарын 31-ний өдөр төрийн их баяр болох Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. 1991 оны энэ өдөр БНКиргиз улсын Дээд зөвлөлийн ээлжит бус чуулганаар “БНКиргиз улсын тусгаар тогтнолын Тунхаглал”-ын тухай тогтоолыг баталсан юм. Энэхүү түүхэн баримт бичигт тусгасны дагуу Киргиз орон тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан улс болсон билээ.
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Тусгаар тогтнолын 35 жилийн ойг тохиолдуулан гаргасан илгээлтдээ “тусгаар тогтнол гэдэг бол олон зууны сорилтыг туулсан өвөг дээдсийн минь үлдээсэн үнэлж баршгүй өв билээ” гэжээ.
Улс орны тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг баталсан “домогт парламент”-ын хувь нэмрийг Киргизийн удирдагч онцлон тэмдэглэлээ.
Түүний хэлснээр, Кыргызстан улс шинэ эрч хүчийг авч, хөгжлийн шинэ замыг сонгосон бөгөөд эдийн засаг нь эрчимтэй өсөж байна. Мөн дэлхийн 100 гаруй улсын итгэл дэмжлэгийг хүлээж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсоныг С.Жапаров онцлон тэмдэглэлээ.
Энэ онд тэмдэглэж буй Тусгаар тогтнолын 35 жилийн ой нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан тус байгууллагын түүхэн дээд хэмжээний уулзалт, Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлт, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Киргизэд хийж буй төрийн айлчлалтай давхцаж байна.
“Улс орны хүч нь иргэдийн оюуны чадавх ба ёс суртахууны цэвэр ариун байдалд оршдог. Бид түүхэн замналаа үргэлжлүүлж, үндэс язгуураа хадгалан бэхжүүлж, бүхий л салбарт хөдөлмөрлөж байх үедээ өндөр соёлтой гэдгээ илтгэн харуулснаар төр улсаа бэхжүүлэх ёстой. Үйлдэл бүрээрээ, шударга хөдөлмөрөөрөө, мэдлэгт тэмүүлсэн хүслээрээ, эв нэгдлээрээ бид үүнийг хийх ёстой” гэж Ерөнхийлөгчийн баярын илгээлтэд дурдсан байна.
Тусгаар тогтнолын 35 жилийн ойд зориулсан баярын гол арга хэмжээнүүд уламжлал ёсоор Талас мужид өндөрлөнө.