Grand Canyon-ы үерийн улмаас 15 хүн сураггүй болжээ

АНУ-ын Аризона мужид орших “Grand Canyon” буюу Их хавцалд аадар бороо орж, хүчтэй үер буусны улмаас дор хаяж 15 хүн сураггүй болжээ. Бямба гаригийн үдийн хойно /2026.08.29/ Bright Angel хавцал болон Phantom Ranch орчимд үүссэн үерийн бүсээс 62 хүнийг нүүлгэн шилжүүлснийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаныхан мэдэгдэв.

Колорадо мөрөнд цутгадаг Bright Angel гол үерлэснээр явган хүний гүүрнүүд урсаж, газрын тогтоц, голын гольдрол өөрчлөгдөн, шинэ ширүүн урсгал үүсчээ. Үерийн ус том чулуунууд, төмөр хийцүүд болон бусад хог хаягдлыг цэцэрлэгт хүрээлэнгээр урсдаг Колорадо мөрөн рүү урсгасан байна.

Жуулчдын хамгийн ихээр очдог Bright Angel, Phantom Ranch, North Kaibab бүсүүдийг Ням гаригийн байдлаар хаагаад буй бөгөөд албаныхан хохирлын хэмжээг үнэлж байна. Мөн Колорадо мөрнөөр аялдаг завьтай аяллыг түр зогсоожээ. Бүс нутагт аянга цахилгаантай аадар бороо өнөөдөр ч /2026.08.31/ үргэлжлэн орох төлөвтэй байна.

“Энэхүү байгалийн гамшиг нь Grand Canyon-ыг байнга хувьсан өөрчлөгдөж байдаг газар нутаг гэдгийг сануулж байна” гэж Юта мужийн их сургуулийн Колорадо мөрний судалгааны төвийн захирал Жек Шмидт хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн