Английн Честерийн амьтны хүрээлэнд амьдардаг 4,5 метр урт питон могойны хорт хавдарыг хүнийг эмчилдэг эмчилгээгээр амжилттай эмчилжээ. Холливудын жүжигчин Жоди Фостерын нэрээр Жоди гэж нэрлэсэн 23 настай, 50 килограмм жинтэй питон хоолны дуршилгүй болж, хөдөлгөөн нь багассан байв.
Улмаар малын эмч нар Жодид шинжилгээ хийсний эцэст эрүүний хэсэгт нь фибросаркома буюу хорт хавдар илэрчээ.
Эмч нар хавдрыг мэс заслын аргаар авсан боловч хэсэг хугацааны дараа дахин ургаж, эрүүний ясыг гэмтээж эхэлсэн байна. Үүний дараа Честерийн амьтны хүрээлэнгийн малын эмч нар Ливерпүүлийн их сургуулийн хавдрын мэргэжилтнүүдтэй хамтран хүн эмчлэхэд ашигладаг электрохими эмчилгээ гэх аргыг могойд тохируулан хэрэглэжээ. Энэ нь могой анх удаа хүнд зориулсан эмчилгээнд орсон явдал болсон.
Эмчилгээний үеэр Жодигийн хавдар болон өвчилсөн эрүүний ясны хэсгийг авсан. Мөн үлдсэн хавдрын эсүүдийг устгахын тулд тусгай цахилгаан импульс болон хорт хавдрын эсрэг эмийг хослуулан хэрэглэжээ.
Могойг амьдардаг орчинд нь мэдээ алдуулсны дараа мэс заслын өрөөнд хүргэсэн байна. Жоди маш том хэмжээтэй тул хоёр мэс заслын ширээг нийлүүлж, нэг том ширээ болгон ашиглажээ.
Эмчилгээ хийснээс хойш хэдэн сарын дараа Жоди бүрэн эдгэрч, хавдаргүй болсон байна. Мөн хоолны дуршил, ан хийх чадварт нь өөрчлөлт гараагүй бөгөөд урьдын адил идэвхтэй болсон гэж амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.
Честерийн амьтны хүрээлэнгийн малын эмч Иан Ашпол “Хавдар эрүүний ясыг гэмтээж эхлэхэд зөвхөн мэс засал хангалтгүй гэдгийг ойлгосон. Мэргэжилтнүүдтэй хамтран хүн эмчилхэд зориулж боловсруулсан аргыг могойд тохируулан хэрэглэснээр Жодиг аварч чадсан” гэжээ.
Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, энэ нь электрохими эмчилгээг могойд анх удаа хэрэглэсэн тохиолдол бөгөөд Жоди эмчилгээний дараа бүрэн эдгэрсэн байна.