“NASA”-гийн шинэ сансрын дуран орчлон ертөнцийн нууцыг тайлахаар хөөрлөө

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (NASA)-ийн хамгийн шинэ, өндөр хүчин чадалтай сансрын дуран болох “Nancy Grace Roman Space Telescope” өчигдөр (2026.08.30) амжилттай хөөрлөө. Тус дуран нь хар энерги, хар матери болон нарны аймгаас гаднах гарагууд зэрэг орчлон ертөнцийн хамгийн том нууцуудыг судлах зорилготой юм.

Флорида муж дахь “NASA”-гийн Кеннедигийн сансрын төвөөс 4.3 тэрбум ам.долларын өртөгтэй дуранг “SpaceX” компанийн “Falcon Heavy” пуужингаар хөөргөжээ. “Roman” дуран нь дэлхийгээс ойролцоогоор 1.6 сая км-ийн зайд орших Лагранжийн хоёрдугаар цэг (L2) рүү чиглэн явж байна. Энэ нь мөн “James Webb” сансрын дуран байрладаг бүс бөгөөд “Roman” тийшээ хүрэхэд гурван сараас илүү хугацаа шаардагдана.

“NASA” уг дурангийн үндсэн судалгааг таван жилийн хугацаанд явуулахаар төлөвлөжээ.

Гэхдээ дуранг ирээдүйд сансарт цэнэглэх боломжтой тул түлшний нөөцөөсөө хамааран судалгааны хугацааг дахин таван жилээр сунгах боломжтой гэж үзэж байна. “Roman” дуран тэнгэрийн асар том хэсгийг нэг дор ажиглах бөгөөд 2 тэрбум гаруй галактикийг судлахаар төлөвлөсөн байна. Ингэснээр эрдэмтэд орчлон ертөнц хэрхэн тэлж байгаа болон үүнд нөлөөлж буй үл мэдэгдэх хүчин зүйлсийг илүү сайн ойлгох боломжтой болно.

“NASA”-гийн Шинжлэх ухааны албаны дарга Ники Фоксын хэлснээр, “Roman” дуран нь мянга мянган супернова, хэдэн арван мянган гараг, тэрбум гаруй галактик, хэдэн арван тэрбум од илрүүлэх боломжтой аж.

“HUBBLE, WEBB БОЛОН ROMAN ХАМТРАН АЖИЛЛАНА”

“Nancy Grace Roman Space Telescope” нь “NASA”-гийн алдарт “Hubble” сансрын дурантай харьцуулахад 100 гаруй дахин өргөн талбайг нэг дор ажиглах чадвартай. Харин 2021 онд хөөргөсөн “James Webb” дуран нь орчлон ертөнцийн маш алс, эрт үеийн биетүүдийг нарийвчлан судлахад зориулагдсан. “NASA” “Roman”-ыг камерын өргөн өнцгийн линз, харин “Webb”-ийг томруулдаг линзтэй зүйрлэж байна.”Roman” өргөн хүрээнд олон тооны од, гараг, галактикийг илрүүлсний дараа “Webb” тэдгээрийн дотроос сонирхолтой биетүүдийг сонгон авч илүү нарийвчлан судлах боломжтой.

Тухайлбал, “Roman” шинэ гарагуудыг илрүүлсний дараа “Webb” тэдгээрийн бүтэц, шинж чанарыг судлах юм.

Эрдэмтдийн хувьд “Roman” дурангийн хамгийн чухал зорилгын нэг нь орчлон ертөнцийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг ч шууд харагддаггүй хар матери болон хар энергийг судлах явдал юм.

Одоогийн тооцоогоор орчлон ертөнцийн ердөө тав орчим хувийг энгийн матери, харин 27 орчим хувийг хар матери, 68 орчим хувийг хар энерги эзэлдэг гэж үздэг.

Хар матери нь гэрэл ялгаруулдаггүй боловч таталцлын хүчээрээ од, галактикуудад нөлөөлдөг. Харин хар энерги нь орчлон ертөнцийн тэлэлтийг хурдасгадаг гэж эрдэмтэд үздэг. Гэсэн хэдий ч түүний мөн чанар одоогоор тодорхойгүй байна. Мөн “Roman” нарны аймгаас гаднах мянга мянган экзопланет илрүүлж, манайхтай төстэй гараг хэр их байдгийг судлах юм.

Энэхүү дуранг “NASA”-гийн анхны ерөнхий одон орон судлаач, сансрын дурангуудыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Нэнси Грэйс Романы нэрээр нэрлэжээ.

Роман 1959 онд шинээр байгуулагдсан “NASA”-д ажиллаж эхэлсэн бөгөөд дэлхийн агаар мандлаас дээш байрлах сансрын дурангуудын ач холбогдлыг эртнээс онцолж байв. Тэрээр 2018 онд 93 насандаа нас барсан юм. “NASA”-гийн эрдэмтэд “Roman” дуран амжилттай ажилласнаар орчлон ертөнцийн үүсэл, тэлэлт болон гараг эрхсийн тогтолцооны талаарх хүн төрөлхтний ойлголтыг шинэ түвшинд хүргэнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн