ЮНИСЕФ: Гамшгийн бүсэд 17 мянга гаруй хүүхэд байна

НЬЮ-ЙОРК, 2026 оны наймдугаар сарын 29 /Kazinform/. Балбын Расува, Нувакот, Дхадинг районуудад амьдардаг, гэнэтийн үерт нэрвэгдсэн 17 мянга гаруй хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ мэдээллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Том Флетчер мэдэгдэхдээ, онц байдлын үед хариу арга хэмжээ авах Төв сангаас 2 сая долларыг гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж болгон илгээжээ. Мөн тусламж үзүүлэхэд зориулан дахин 17.2 сая доллар гаргах хүсэлтийг ЮНИСЕФ-ээс хүргүүлсэн байна.   

“Хэдхэн минутын дотор үерийн ус сургууль, эмнэлэг, орон сууцны байшингуудыг хуу хамахыг хүүхдүүд харсан. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд бий, мөн олон хүүхэд ойр дотны хүмүүсээ алдсан, тэдэнд сэтгэлзүйн тусламж хэрэгтэй байна” хэмээн ЮНИСЕФ-ийн Балба дахь төлөөлөгч Элис Акунга ярилаа.

Зам гүүр, усан хангамжийн болон харилцаа холбооны байгууламжууд эвдрэн сүйрсэн тул олон тосгон суурин гадаад ертөнцөөс таслагдаж, наад захын хэрэгцээт зүйлсийг хүргэхэд нэн хүндрэлтэй байна. Үерийн улмаас 18 сургуулийн барилга бүрэн нурж, 20 сургуулийн барилгад эвдрэл гарчээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Балбын нутагт амиа алдсан хүмүүсийн тоо 538 болж нэмэгджээ. Мөн 977 хүн сураггүй болоод байгаагийн 517 нь гадаадын иргэд байна. Түүнчлэн БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орны нутаг дэвсгэрт 5 хүн амиа алдаж, 558 хүн сураггүй алга болсноос 260 нь гадаадын иргэд байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн