АСТАНА, 2026 оны наймдугаар сарын 28 /Kazinform/. Казахстаны шинэ парламент болох Курултайн бүрэлдэхүүн сонгогдсоноор Олжас Бектенов тэргүүтэй тус улсын засгийн газар огцорлоо.
Холбогдох зарлигт БНКазахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зуржээ. Зарлигт дурдсанаар, засгийн газрын одоогийн бүрэлдэхүүн шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.
Казахстаны Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар, парламент болох Курултайг шинээр сонгосноор засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ёстой. 8 дугаар сарын 23-нд болсон сонгуулиар Курултайг 145 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон билээ.
Шинэ Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч нь парламент дахь улс төрийн намуудтай зөвлөлдсөний үндсэн дээр засгийн газрын тэргүүний нэрийг дэвшүүлж, депутатуудаар хэлэлцүүлнэ. Курултайн гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг томилохыг зөвшөөрөх бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч засгийн газрын тэргүүнийг томилно. Үүнээс хойш 10 хоногийн дотор Ерөнхий сайдын зүгээс засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид танилцуулна.
Ингэхдээ Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайдыг Ерөнхийлөгч бие даан томилох бол засгийн газрын бусад гишүүнийг Ерөнхий сайдын танилцуулсны дагуу Курултайтай зөвлөлдсөний үндсэн дээр Ерөнхийлөгч томилно.