НЬЮ-ЙОРК, 2026 оны наймдугаар сарын 28 /ANADOLU/. Америкийн хэрэглэгчдийг илүү хямд боломжийн үнэтэй махаар хангахын тулд үхрийн өөхгүй цул мах ба үхрийн өөдөс махны импортын квотыг нэмэгдүүлэх тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зуржээ.
Энэ бол “Америкийн хэрэглэгчдийг боломжийн үнэтэй үхрийн махаар хангахад чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүдийн тухай” гэсэн нэртэй зарлиг юм. Уг баримт бичигт “АНУ-д үхрийн махны үнэ өндөр хэвээр байгааг” дурджээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс бол, үхэр сүргийн тоо толгой /86.2 сая/ сүүлийн 75 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүртэл буурсан, ган гачиг болж, ойн түймэр дэгдсэн, түүнчлэн паразит өвчний улмаас Мексикээс амьд үхэр оруулж ирэхийг хориглосон явдал юм.
Нэмэлт квотоор импортлох нийт 300 мянган тонн үхрийн махыг 100 мянган тонноор гурван хэсэгт хувааж, 9 дүгээр сарын 1, 10 дугаар сарын 1, 11 дүгээр сарын 1-нд зах зээлд гаргах ажээ. Хэрвээ энэ квотоор импортолж буй махыг одоогийн зах зээлийн үнээс дор хаяж 25 хувиар хямд зарахгүй бол квотыг цуцлах юм. Энэ нь гадаадын нийлүүлэгчид үндэслэлгүйгээр их хэмжээний ашиг олохоос сэргийлэх арга хэмжээ ажээ.
Ташрамд дурдахад, зургаадугаар сард АНУ-д үхрийн махны үнэ жижиглэнгээр нэг фунт нь 6.885 доллар /ойролцоогоор 1 кг нь 54 700 төг/байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд үнэ 86 хувиар, 2023 оноос хойш 35 хувиар тус тус өссөн байна.