Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд утасны болон хэрэглээний төлбөрийг хамааруулахгүй

УИХ-ын даргаас Зээлийн мэдээллийн сангийн зарим үйл ажиллагааг сайжруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм.

Энэхүү ажил ямар шатанд яваа талаар өнөөдөр Монголбанкны Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Зээлийн мэдээллийн зээлжих зэрэглэлийн оноонд утасны төлбөр болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхөө больсон. Зээлжих зэрэглэлийн оноонд зөвхөн зээлийн мэдээлэл холбогдох зээлтэй холбоотой мэдээлэл, түүхийг хамааруулна. Цаашдаа Зээлийн мэдээллийн тухай хууль болон журмуудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байна. Иргэд зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн лавлагаа хоёрыг хольж ойлгоод байдаг. Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь иргэн аж ахуйн нэгжийн авсан зээлийн түүхийг хэлнэ. Зээлжих зэрэглэлийн оноо гэдэг нь зээлээ хэрхэн төлж байгаа, зээлийн түүхэн дээр суурилаад санхүүгийн сахилга батыг харуулж байгаа оноо юм. Зээлжих зэрэглэлийн оноог 2024 онд нэвтрүүлж эхэлснээс хойш санхүүгийн байгууллагуудын ашиглалт бага байгаа. Өнөөдрийн байдлаар бүх санхүүгийн байгууллага ашиглаж эхлээгүй байна гэсэн үг.

Иргэд зээлээ хугацаандаа төлөөд явахад оноо нь өсөөд явна. Өнөөдрийн байдлаар хугацаа нь хоцорсон утасны төлбөр 390 мянга, одоо идэвхтэй байгаа 300 мянган төлбөр оноонд нөлөөлөхгүй болж байна.  Нэгдүгээрт, зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх үүрэг өгсний дагуу банк бус санхүүгийн байгууллагуудад эхлүүллээ. Араас нь банкуудад хяналт шалгалт хийхээр төлөвлөгөөнд тусгасан. Үүнээс гадна зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирдэг гомдол мэдээллийг нэг шүгамаар явцыг нь иргэндээ мэдээлдэг цахим системийн хөгжүүлэлт хийсэн. Энэ хөгжүүлэлтийг хийснээр зээлийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг ямар байгууллага хариуцах юм бэ гэдгийг цахимаар мэдээлдэг системийг И Монголиа платформ дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран хөгжүүлэлт хийгээд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулна. Өмнө нь зээлжих зэрэглэлийн онооны моделийг хийж байхад аль болох олон өгөгдөл ашиглаж, зээлжих зэрэглэлийн оноог тогтоож байсан.

Зээлжих зэрэглэлийн оноог тогтооход зээлтэй холбоотой мэдээлэл, зээлийн төлбөр, зээлийн түүх зэрэг орно. Үүрэн телефоны төлбөр болон бусад төлбөр нь Зээлийн мэдээллийн лавлагаа дээр өр төлбөр хэсэгт харагдахаар орсон. 2024 онд зээлийн оноог нэвтрүүлснээр санхүүгийн байгууллагын ашиглалт аажмаар хийж байна. Тодорхой хугацаа шаардлагатай учраас бүх санхүүгийн байгууллага ашиглаж эхлээгүй. Зээлийн онооны систем нэвтэрснээр зээлээ цаг хугацаандаа тогтвортой төлдөг, санхүүгийн сахилга баттай хүн бага хүүтэй, өндөр зээл авах давуу тал бий болсон” гэлээ.

Зээлжих зэрэглэлийн оноонд зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд өөрчлөлт оруулдаг болжээ. Өмнө нь зээл төлөлтөөс хамаараад сард нэг удаа өөрчлөлт оруулдаг байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн