“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Монгол Улсын Байгалийн Өв Сан, ТХГН, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн чиглэлээр амжилттай боллоо.
Хурлын үр дүнгийн талаар БОУАӨЯ-ны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэгээс тодруулахад, “СОР17 нь байгаль хамгаалал, ТХГН, биологийн олон янз байдал, газрын доройтол, бэлчээрийн менежмент зэрэг чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилт татах боломжоо нэмсэн ач холбогдолтой боллоо. Монгол Улс байгаль хамгаалах салбарын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцүүлээд зогсохгүй, давуу тал, уламжлалт мэдлэг, нутгийн иргэдийн оролцоо, залуу үеийн чадавхыг дэлхийд таниулсан нь онцлох үр дүн байв. Цаашид байгаль хамгаалах туршлагаа зөвхөн дотооддоо хэлэлцэхээс гадна бусад улс оронд туршлагаа түгээн, байгаль орчны өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдлыг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой”-г тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Байгалийн Өв Сан “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хоёр жил орчим хугацаанд хэрэгжүүлж, олон улсаас 71 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагатай таван санамж бичиг байгуулжээ. Тухайлбал, “Чингис хаан нэгдэл сан”-тай хамтран байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, газар, бэлчээрийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгааллын хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн ТХГН-ийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагааг нэмэх зорилгоор банкуудтай хамтран ногоон зээлийн механизм бий болгох санамж бичиг байгууллаа. ТХГН-ийг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр бус, гадаадын санхүүжилтийн шинэ механизмд холбох чиглэлээр олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.
Олон улсын байгууллагууд Монгол Улсад ТХГН-ийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байна. Үүнтэй холбоотой ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, ТХГН-т түшиглэсэн тогтвортой аялал жуулчлал нь эдийн засгийн томоохон боломж болохыг харуулсан судалгааны үр дүнг танилцуулсан юм. Одоогоор ТХГН-т түшиглэсэн аялал жуулчлалаас жилд 1 тэрбум орчим төгрөгийн орлого олж байгаа бол Байгалийн Өв Сангаар дамжуулаад олон улсын стандарт, шалгуурт нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал 2030 он гэхэд жилд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож болох тооцоог олон улсын судлаачидтай хамтран гаргажээ.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөцийг зөвхөн хамгаалж, хязгаарлах бус, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолжээ. Ялангуяа бэлчээр, бусад байгалийн нөөцийг зохистой ашиглах, нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөл байгуулж, байгаль хамгаалах боломжтой гэж үзэж байна.
Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах хүрээнд хулан, тахь, хавтгай, ирвэс зэрэг зэрлэг амьтдыг хамгаалах, хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар олон улсын байгууллагуудтай уулзалт хийжээ. Хамтын ажиллагааны дараагийн уулзалтыг 2027 оны зургаадугаар сард Монголд зохион байгуулах гэрээ хийж, монголын говь, дагуурын бүс нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн Байгалийн өвд бүртгүүлэх чиглэлээр олон улсын шинжээчидтэй хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцжээ.
“Хурлаар зөвхөн төр, олон улсын байгууллагын төлөөллийг бус, нутгийн иргэд, малчдын дуу хоолойг сонсохыг чухалчилсан. Тухайлбал, “Говийн малчин эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн жижиг төслүүд төлөвлөснөөс илүү үр дүнтэй байлаа. Малчин эмэгтэйчүүд нөхөрлөл байгуулж, орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад оролцох, байгаль хамгаалах ажлыг санаачлан хэрэгжүүлэх боломжтойг эдгээр туршлага харуулсныг Ц.Уранчимэг онцоллоо.
Малчид эмэгтэйчүүд, ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцсон Монголын байгаль орчны эмэгтэйчүүдийн манлайллын форум хийж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг хууль, эрх зүйн орчинд хэрхэн тусгах талаар олон санал, зөвлөмж гаргажээ.
“Хамгийн сонирхолтой нь Монголын малчдын уламжлалт мэдлэг, байгаль дэлхийг ажиглан таньж ирсэн туршлага олон улсын оролцогчдын анхаарлыг татсан. Тухайлбал, малчид тарваганы идээшилж буй байдал, ичээндээ орох, гарах хугацаа, нүхээ хэрхэн бэлдэж байгаа зэрэг байгалийн үзэгдэл, амьтдын зан төлвийг өдөр тутмын амьдралдаа ажиглаж, мэдлэг хуримтлуулдаг тухай ярьсан нь гадаадын оролцогчдод “Монголын малчид өөрсдөө судлаач юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Манай малчид зарим орноос урилга авсан. Үүнд үндэслэн малчдын уламжлалт мэдлэг, ажиглалт, мэдээллийг нэгтгэх цахим дата платформ бий болгох санаачилгыг эхлүүлсэн” гэдгийг Ц.Уранчимэг тодотгож байв.
Тэрбээр цааш нь ярихдаа, хурлын үеэр Монгол Улсын байгаль орчны салбарын талаарх олон улсын ойлголт, төсөөлөл өөрчлөгдсөн нь бас нэг чухал үр дүн байсныг онцлоод, “Монгол Улс байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд байхгүй томоохон популяц бүхий зэрлэг амьтдыг хамгаалж буй орон гэдгээ олон улсад харуулсан. Мөн манай улс давуу тал, туршлагаа олон улсад хангалттай сурталчилж, түгээж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны салбарын асуудлыг дотооддоо ярьж, бэрхшээлтэй талаас нь түлхүү хардаг ч давуу тал, ололт, туршлагаа дэлхийд таниулах нь дутмаг байж. Харин энэ хурлаар Монголын байгаль хамгаалах туршлагыг олон улсад таниулж, бусад улстай туршлага солилцох шинэ боломж нээгдсэн. Монголын залуус олон улсын түвшинд харилцах, мэдээлэл солилцох чадвартай болсон нь ирээдүйд байгаль хамгаалах салбарт шинэ үеийн манлайллыг бий болгох итгэл найдвар төрлөө. Иймээс залуу үеэ мерит зарчимд тулгуурлан сургаж, чадавхжуулан, байгаль хамгаалах мэдлэг, туршлагыг хойч үедээ өвлүүлэх нь чухал зорилт юм” гэв.
СОР17-гийн хүрээнд Монгол Улс олон улсын түнштэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санхүүжилтийн шинэ боломж бий болгож, байгаль хамгаалах бодлого, эрх зүйн орчноо шинэчлэхэд тодорхой алхам хийжээ. Хурлаар гарсан шийдвэр, тохиролцоо, боломжийг ажил хэрэг болгох нь улс орнуудын хариуцлага юм. Дараагийн хоёр жилд ямар асуудалд илүү их санхүүжилт татах, түүнийг хэрхэн үр дүнтэй зарцуулах, олон улсын хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд анхаарах л үлдлээ.