Лифэн Ли: Хөрсийг хамгаалж, сэргээхгүй бол томоохон хямралтай нүүр тулна

СОР17-гийн хүрээнд “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд”-ийн өдөрт зориулан хүнс, хөрс, газрын тогтвортой менежментийн чиглэлээр гарч буй ахиц дэвшил, түншлэлийг эрчимжүүлэх боломж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын ач холбогдол болон хөрстэй холбоотой зарим тайлангийн үр дүнг танилцууллаа.

Мөн энэ үеэр хөрсний эрүүл мэндийн эдийн засгийн ач холбогдол, чиг хандлага,  тогтвортой хөгжлийн бодлого, НҮБ-ын ХХААБ-аас гаргасан дэлхийн хөрсний нөөцийн төлөв байдал тайлангийн талаар мэдээлсэн юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын төлөөлөгч Баррон Жозеф, “Бид хүнс ярихад голдуу дэлгүүрт байгаагаар нь, хөрс гэхээр газар шороог төсөөлдөг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хөрс органик бодис, усыг хэр хадгалж байгаа, бүтээмж нэмэх ямар боломж байгааг анхаарах хэрэгтэй. Хөрсний эрүүл мэндийг сайжруулж чадвал усны аюулгүй байдал, бүтээмж , уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, нүүрстөрөгчийн ялгарлыг багасган, биологийн олон янз байдлыг ч хамгаалж чадна. Үүний тулд биологийн үйл явцыг хөрстэй нь холбож шийдэн, үнэ цэнийн сүлжээ бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, мод тарихдаа иргэдэд ач холбогдлыг нь хүргэх, газрын асуудлыг эдийн засгийн боломжоор нь тооцох ёстой. Эдгээрийг холбож чадвал амжилтад хүрнэ. Харин төлөвлөхдөө хот төлөвлөгч, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл, байгаль хамгаалагч, бусад оролцогчдыг нэг дор суулгаж, хүнс, биологийн олон янз байдал, ундны ус, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах асуудлыг хамтад нь шийдэх боломжтой. Эдийн засгийн нөөц боломжийг харгалзан үнэ цэнийн сүлжээнд төвлөрч чадвал орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулаад зогсохгүй, тогтвортой хөгжих боломжтой” гэлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал Лифэн Ли, “Дэлхийн хүнсний ихэнх нь хөрсөнд ургадаг тул аюулгүй байдлыг нь ярихдаа эрүүл мэнд, эрүүл хөрс, ургамал, мал, хүн гэсэн холбоог зайлшгүй авч үзэх ёстой. Хөрс нь хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо төдийгүй нийгмийн суурь юм. Дэлхийн хөрсний нөөцийн тайлангийн гол мэссэж нь газрын доройтол улам нэмэгдэж, олон бүс нутагт хөрсөө хангалтгүй хамгаалж, сайжирсан тохиолдол маш бага байна. Энэ хэвээр үргэлжилбэл томоохон хямралтай нүүр тулна. Хүн амыг 2050 он гэхэд хүнсээр хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг нэмэх шаардлагатай болно гэсэн. Тиймээс хүнсний аюулгүй байдал нь ус, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал бүгд хөрстэй холбогдоно. Тайлангуудад хууль эрх зүйн тогтолцоо, чадавх бэхжүүлэх, хяналт шинжилгээ, хэмжилт, түншлэлийг бэхжүүлэх алхмыг тодорхойлсон. Мэдлэгээ ашиглаж чадвал эрүүл хөрс, үржил сайтай газар нутаг, илүү бүтээмжтэй хөдөө аж ахуйг бий болгож чадна.

Түүнчлэн төр хувийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах, хамтын санхүүжилтийн механизмыг ашиглах зэрэг олон арга хэрэгсэл ашиглаж болно. Хувийн хэвшилд урт хугацааны тогтвортой бодлого, дүрэм журам, зөв урамшуулал, бодит мэдээлэл хэрэгтэй. Бодлого байнга өөрчлөгдөөд байвал хөрөнгө оруулахад төвөгтэй. Мөн шинжлэх ухаан, өгөгдөл нь хувийн хэвшилд эрсдэлийг үнэлэх, хөрөнгө оруулах боломжтой газрыг тодорхойлох, өгөөжийг тооцох боломж олгох ёстой. Шинжлэх ухаан, бодлого, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийг хооронд нь холбож нэг зорилготой байвал ахиц гарна” хэмээн ярив.

Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн ХХАА, хүнс хариуцсан ахлах захирал Эмелин Феллус энэ үеэр мэдээлэхдээ, “Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, хөрөнгө оруулж, бодит ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байна. Бид хямралтай нүүр тулж байгаа ч шинэ арга хэрэгсэл, боломж бий болж байна. Эдгээр нь шийдвэр гаргагчдад хаана нөхөн сэргээлт хийх, хаана хамгийн их боломж байгааг тодорхойлоход тусална. Засгийн газар, олон талт хөгжлийн банк, бусад байгууллага дэмжиж байгаа ч хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээнд хүрээгүй байна. Харин хувийн хэвшил  хөрс, ландшафт, нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд хөрөнгө оруулж болно. Гол нь хөрөнгө оруулалтыг дэмжих урт хугацааны бодлого, хамтын санхүүжилтийн механизм хэрэгтэй. Мөн янз бүрийн санаачилга, тогтолцоог аль болох уялдуулж, ойлгомжтой болгох шаардлагатай. Эцсийн зорилго нь хөрс, усыг хамгаалахын зэрэгцээ хүмүүсийн амьжиргааг дэмжиж, хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх явдал юм шүү дээ” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн