2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орно гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат ярилаа.
Тэрбээр “Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино. Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль байх зарчмыг баримталж 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх юм. Энэ хичээлийн жил дөрвөн улиралтай болсон. Хот, хөдөөгийн сургуульд ялгаатай байдлаар боловсруулж бие даалт, цахим сургалтын долоо хоногийг бодитой хугацаанд тавьсан. Бие даалтын долоо хоногийг нийслэлд өвөл арванхоёрдугаар сард ханиад томуугийн үеэр, Орон нутагт мал төллөх цагаар гаргаж өгнө. Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгож өв уламжлал, ёс заншилд суралцах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгснөөр энэ хичээлийн жилийн бүтэц онцлог” хэмээв.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх юм байна. Харин 2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ. Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулжээ. Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн түвшинд “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх аж.