Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг болон албаныхан Гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлийг даван туулах, олон нийтийн чадавхыг сайжруулах, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийн талаар санал дүгнэлт боловсруулах зорилгоор Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад нөхцөл бололцоо хэрхэн бүрддэг талаар МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцуулав. Мөн энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны үед ашиглах техник хэрэгсэл, хувцас, эд зүйлтэй танилцлаа.
Мөн Гамшгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хууль эрх зүйн хүрээнд ямар дэмжлэг шаардлагатай байгаагаа Монгол Улсын Шадар сайдад уламжлав.
Цаашид Засгийн газар, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлж нийгмийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах нөхөн сэргээх нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэг энэ сард зудын эрсдэл өндөр гарсан Сэлэнгэ, Төв аймаг 250 малчин өрх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 50 иргэнд нийт 300 өрх айлд хүнсний тусламж үзүүлээд байна.


