Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Монголын Бизнесийн Зөвлөл хооронд санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Доктор Ясмин Фоуад Монголын Бизнесийн Зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Сувд нар гарын үсэг зурж, Business4Land Mongolia Hub-ын суурийг тавив. Санамж бичиг нь COP17-гийн хүрээнд Монголд хувийн хэвшлийн оролцоог нэмж, бизнесийн бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, технологи, инновацийг газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн зорилттой холбох чухал алхам юм.
Монголын Бизнесийн Зөвлөл нь олон улсын Business4Land Hub сүлжээний нэг хэсэг болж Монгол дахь үйл ажиллагааг хариуцан, Монголын хувийн хэвшлийг газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэх чиглэлд өргөн хүрээнд оролцуулах үндэсний платформыг хөгжүүлэх юм. Ингэснээр Business4Land-ийн олон улсын хамтын ажиллагааны сүлжээ Монголд өргөжин тэлж, бизнесийн салбар олон улсын бизнес, хөрөнгө оруулалт, мэдлэг, туршлагын сүлжээтэй холбогдох шинэ боломж бүрдэж байна.
Business4Land (B4L) нь UNCCD-ийн хувийн хэвшлийн оролцоог дэмжих албан ёсны санаачилга бөгөөд бизнесийн салбар, хөрөнгө оруулагч, төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, газрын доройтлыг багасгах, доройтсон газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, инновацийг дайчлахад чиглэдэг.
Шинээр байгуулагдсан Business4Land Mongolia Hub нь дотоодын болон олон улсын компани, санхүүгийн байгууллага, төрийн хамтын ажиллагааг дэмжиж, бизнесийн хөрөнгө оруулалт, технологи, инноваци, бодит шийдлийг газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх үйл ажиллагаатай холбож ажиллах юм.
Монгол Улсын хувьд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн доройтол зэрэг нь зөвхөн байгаль орчны асуудал бус ус, хүнс, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалтай шууд холбоотой. Иймээс Монголын Бизнесийн Зөвлөл нь Business4Land Mongolia Hub-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд бус, бизнесийн эрсдэл, хөрөнгө оруулалт, инноваци, эдийн засгийн боломжийн хүрээнд авч үзэх, хувийн хэвшлийн оролцоог бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбох шинэ платформ болгох ажээ.
Business4Land Hub-ыг одоогоор Франц, БНХАУ-д байгуулаад байна.