“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөс улсын тусгай хамгаалалттай газар нутаг (УТХГН)-аас байгалийн аялал жуулчлал, ой, мал аж ахуй, газар тариалан, ундны ус, уул уурхайн салбарт үзүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тооцсон судалгааг танилцууллаа.
ТХГН нь аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, усны нөөц зэрэг салбарт ямар ач холбогдолтойг судалгааны танилцуулгад онцлоод, байгаль хамгаалахын ирээдүйн үр ашиг, экосистемийн доройтлоос гарах зардал, хамгаалалт, нөхөн сэргээлтийн үр өгөөж, COP17, 30×30 зорилт, “Өнө мөнхийн Монгол” санаачилгыг хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэв.
Хэрэв ТХГН-ийг хамгаалахгүй бол эдийн засагт ямар алдагдал үүсэхийг тооцож, нотолгоонд суурилсан эдийн засгийг бий болгохыг зорьсон судалгаанд аялал жуулчлал, мал аж ахуй, ой, газар тариалан, ундны ус, уул уурхайн салбарыг багтаажээ.
Судалгааны багийн ахлагч, ХААИС-ийн ЭЗБС-ийн профессор Г.Ганзориг, “ТХГН бол эдийн засгийн хөгжлийн суурь хөрөнгө. Аялал жуулчлалын салбар нь байгаль, үзэсгэлэнт газар нутаг, биологийн олон янз байдлаас, мал аж ахуй нь бэлчээр, усны экосистемээс, ой нь модны нөөц, ус, хөрс, нүүрстөрөгч, биологийн олон янз байдал, аялал зугаалга зэрэг эдийн засгийн үнэ цэн бий болгодог. ТХГН-ийг зохистой хамгаалж, менежментийг сайжруулбал ойн экосистемийн үнэ цэн 512.6 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Харин доройтуулбал 2050 он гэхэд 339.7 их наяд төгрөг болж багасах эрсдэлтэй. Мал аж ахуй нь бэлчээр, усны экосистемээс хамаардаг тул бэлчээрийн даацад малын тоог зохицуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Иймд ТХГН-ийг хамгаалах нь аялал жуулчлал, мал аж ахуй, ойн нөөц зэрэг салбарын орлогыг хадгалах урт хугацааны хөрөнгө оруулалт юм” хэмээв.
ТХГН-ийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг тооцвол 54.7 сая га орчим газрыг хамруулах шаардлага бий. Монгол Улс тусгай хамгаалалттай 120 газар байгаа нь нийт газар нутгийн 21 хувь буюу 32.8 га талбайг хамарч байна. Үүний 47 хувь нь байгалийн нөөц, 37 хувь нь байгалийн цогцолбор, 22 хувь нь дархан цаазат, 14 хувь нь дурсгалт газар байна. ТХГН-ийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэхийг зорьж байгаа. ТХГН-ийн хэмжээ 2008 онд 21 сая га буюу нийт газар нутгийн 13.4 хувьтай тэнцэж байжээ.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 12.2 орчим хувийг ойн сан бүрдүүлдэг. ТХГН дахь ойн сангийн 62 хувь нь ДЦГ, 32 хувь нь БЦГ, 5 хувь нь байгалийн нөөц, нэг хувь нь дурсгалт газарт байна.
Газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинээр 76 газар хамруулахаар төлөвлөж байна. Эдгээрээс 50 газар нь ойн сан бүхий газар бөгөөд 1.8 сая га орчим ойн сан бүхий талбай тусгай хамгаалалтад шинээр авах боломжтой. Ингэснээр тусгай хамгаалалттай ойн сангийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх ажээ.