ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 25 /Kazinform/. Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Канадаас нийлүүлж буй автомашин, автомашины сэлбэг болон гангийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.
Тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Канадын тал олон жилийн турш АНУ-ыг зальдан шулсаар ирсэн гэсэн байна.
Одоогийн байдлаар импортын автомашинд ногдуулсан Америкийн талын татвар 25 хувь байгаа юм.
Хөрш хоёр орны хооронд дэгдсэн худалдааны дайн баасан гарагт эрс ширүүсч, Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулахгүй байх талаар хийж байсан хэлэлцээ мухардалд орсон байна. Эцсийн мөчид гэрээнд өөрчлөлтүүд оруулахаар оролдсон хэмээн талууд бие биенийгээ буруутгажээ. Канадын Ерөнхий сайд Марк Карни мэдэгдэхдээ, бид “муу гэрээнээс” татгалзахаас аргагүйд хүрлээ гэв.
Бямба гарагт хүчин төгөлдөр болсон татвар бол Канадын 20 тэрбум долларын бараанд ногдуулсан татвар юм. Хариуд Америкаас нийлүүлж буй төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гэр ахуйн техник хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, целлюлоз болон цаасан бүтээгдэхүүнд ижил хэмжээний татвар ногдуулна гэдгээ М.Карни мэдэгдлээ.
Харин Канад дахь АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдэхдээ, бид илүү сайн нөхцлийг Канадад санал болгосон боловч тус улс өмнө нь хүлээсэн үүргээсээ татгалзсанаар сүүлийн өдрүүдэд бий болсон тун эмзэг тэнцвэртэй байдлыг алдагдууллаа гэжээ.