Усалгаатай газар тариалан, мах экспортлох чиглэлд хамтран ажиллана

Монгол Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс цаашид усалгаатай газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлнэ.

Үүний тулд хоёр талаас идэвхтэй ажиллах, баг гарган асуудлаа хэлэлцэх, цахим уулзалт хийж хэвшүүлэх юм. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севиламтай өнөөдөр уулзах даа хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярилцан, ийнхүү санал нэгджээ.

Сайд Ц.Идэрбат Монгол Улс байгалиас хамааралтай газар тариалан эрхэлдэг. Усалгаатай газар тариалан, ногоон эрчим хүч, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Цаашид усалгаатай тариалангийн талбайг нэмэх, ногоон эрчим хүч, усны нөөцийг үр ашигтай ашиглах хүрээнд Египетийн усалгааны технологи, сайн туршлагыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийлэв. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Египетийн зах зээлд нийлүүлэх боломжийг танилцуулж, мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцож, мах экспортлох эрх зүй, техникийн нөхцөл бүрдүүлэхэд хамтран ажиллах санал гаргалаа.

Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам Монголын талын саналыг хүлээн авч, усны нөөц бүрдүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжтойг дурдаад, дээрх саналыг Хөдөө аж ахуйн сайддаа уламжилж, СОР17-д Египет улсаас ирсэн багийнхандаа танилцуулахаа илэрхийлэв. Мөн тэрбээр Египет улсын 7000 гаруй жилийн түүхтэй усжуулалтын системийг товч танилцуулсан юм. Египет улсын хөдөө аж ахуй, иргэдийн амьжиргаа нь Нил мөрөн, түүнийг түшиглэсэн усжуулалтын системээс хамааралтай байдаг. Усны алдагдлыг багасгахаар уламжлалт аргаас илүү дусал болон залуурт систем ашигладаг. Усны менежментдээ хиймэл оюунаас гадна сэргээгдэх эрчим хүч ашигладаг, мөн усжуулалтын систем, ус нөөцлөх хоёр дахь үе шат руу шилжиж буйгаа дурдлаа.

Египет Улс нь 100 сая гаруй хүн амтай томоохон зах зээл бөгөөд Суэцийн сувгаар дамжин дэлхийн худалдааны чухал зангилаатай холбогддог тул тус улсын зах зээлд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах нь экспортын шинэ боломж юм.

Монгол Улс Египет Улсын хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоожээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн