Иран: АНУ эрх мэдлээ хилийн чанадад хэрэгжүүлэхийг оролдож байна

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент Ираны эсрэг түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа наймдугаар сарын 20-нд мэдэгдсэн. Түүний хэлснээр шинэ эдийн засгийн дарамт нь Ираны цэргийн ажиллагаа явуулах шаардлагыг бууруулж магадгүй бөгөөд ирэх долоо хоногт илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг танилцуулах аж.

Бессентийн мэдэгдлээс өмнө Трамп Иранд ямар нэгэн байдлаар эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн улс орнууд мөн адил эдийн засгийн ноцтой үр дагаварт өртөнө гэж анхааруулсан байжээ.

Тэгвэл энэ хориг нь тусгаар тогтнолыг бүрэн устгах үйлдэл болно гэдгийг Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи хэллээ. Тэрбээр наймдугаар сарын 22-нд “Х” хаягаараа жиргэхдээ “Энэ бол НҮБ-ын гишүүн орнуудын бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх, өөрийн эрх мэдлийг хилийн чанадад хэрэгжүүлэх гэсэн оролдлого. Аль ч улс байсан гадаадын банк, компаниуд эсвэл нисэх буудлуудыг Ирантай худалдаа, бизнесийн харилцаагаа зогсоохыг албадах эрхгүй. Үүний эцсийн үр дүн нь НҮБ-д тулгуурласан тусгаар тогтнолыг бүрэн устгаж, колоничлолын сонгодог хэлбэр рүү эргэн орох аюултай замыг нээх болно” гэжээ.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи энэхүү шинэ хоригийг бүтэлгүйтэх нь гарцаагүй гэв. Мөн Барак Обамагийн үед авч байсан хориг арга хэмжээний тухай нийтлэлийг дахин жиргээд “Бид өмнө нь энэ киног үзэж байсан юм байна. Нөгөө л утгагүй зүйл. Дээрэлхэгчид нь л өөрчлөгдсөн байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн