БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монгол Улсад айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. 


Солонгост сургууль төгсөгчдийн холбооны мэдээлснээр, тэрбээр өнөөдөр Монголд есөн хоногийн хугацаатай айлчлах юм.  Маргааш болох COP17-ын нээлтийн ажиллагаанд үг хэлэхээр төлөвлөсөн байна.

Мөн лхагва гарагт зохион байгуулах “Энх тайвны ой санаачилга” (Peace Forest Initiative)-ын өндөр түвшний дугуй ширээний уулзалтад үндсэн илтгэл тавина.

“Энх тайвны ой санаачилга” нь 2019 онд БНСУ-ын Засгийн газар, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) хамтран эхлүүлсэн юм. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих олон улсын санаачилга юм.

Энэхүү айлчлал нь Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойших хоёр дахь гадаад айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсад зохион байгуулж буй UNCCD COP17-ын хүрээнд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр бодлого, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.

Мүн Жэ Ин Ерөнхийлөгч асны энэхүү айлчлал нь Монгол, БНСУ-ын байгаль орчин, уур амьсгал, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн