НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23 //. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд бөгөөд Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Хатагтай Амина Ж.Мохаммед НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхээс гадна Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл хэргийг алдаршуулах Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.

Хатагтай Амина Ж.Мохаммед нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Тогтвортой хөгжлийн асуудлаарх бүлгийн тэргүүн юм. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын Байгаль орчны сайдаар ажиллаж тус улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтыг удирдан чиглүүлж байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед COP17 хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн