НҮБ-ын Их сургуультай биологийн олон янз байдлыг хамгаалах болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр НҮБ-ын Их сургуулийн Тогтвортой байдлын төлөөх Дэвшилтэт судалгааны хүрээлэнгийн захирал Юмэ Ямагучитэй хоёр талт уулзалт хийж, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс 2026–2030 оны Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (NBSAP)-г баталсан бөгөөд тус төлөвлөгөөнд 2030 он хүртэл хэрэгжүүлэх 20 үндэсний зорилт, 108 үйл ажиллагааг тусгасан. Энэ хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч буй юм.

Дэд сайд Б.Мөнхтамир газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хооронд нь уялдуулан хэрэгжүүлэхэд COP17 бага хурлыг чухал боломж хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Ялангуяа Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлж, нэгдмэл шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцоллоо.

Мөн Монгол Улсын Засгийн газраас танилцуулж буй Тал хээрийн төлөвлөгөө нь зөвхөн COP17-оор хязгаарлагдахгүй, урт хугацаанд хэрэгжих, хөрөнгө оруулалт болон хэмжигдэхүйц үр дүнд чиглэсэн үйл ажиллагааны хүрээ болохыг тодотгов.

Түүнчлэн Сатояма санаачилгын олон улсын түншлэлийн (International Partnership on Satoyama Initiatives) хүрээнд Монгол улсын оролцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. 

 Энэхүү түншлэл нь Засгийн газар, олон улсын байгууллага, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага болон бусад оролцогч талуудыг нэгтгэдэг бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2018 онд уг түншлэлд нэгдсэн байдаг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн