Хятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэв

    Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 21 //. Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хурлын үеэр БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн Цөлжилтийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Ван Фэн манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө цөлжилттэй үр дүнтэй тэмцэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлэв.

    Тэрбээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсдэг шороон шуурганы гол эх үүсвэр нь тус улсын өмнөд хэсгийн говь болон цөлийн хээрийн бүс нутаг болохыг онцлов. Тухайн бүс нутгийн байгалийн уугуул говийн ландшафтыг бүрэн арилгах боломжгүй тул цөлжилттэй тэмцэх ажлын гол зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилтийг хязгаарлах, хүний үйл ажиллагааны улмаас үүсэх хиймэл тоосжилтын эх үүсвэрийг бууруулахад оршино гэв.

    Мөн тэрбээр шороон шуурга нь хил дамнасан гамшгийн шинжтэй үзэгдэл болоод удаж байгаа бөгөөд Монгол Улсын өмнөд хэсгийн говийн бүс нутаг нь БНХАУ-ын хойд хэсгийн хуурай бүс нутагтай залгаа оршдог тул дотоодын арга хэмжээг хил дамнасан хамтын хяналт, урьдчилан сэргийлэлттэй уялдуулан хэрэгжүүлж, экосистемийг хамтран сэргээх шаардлагатайг тэмдэглэв. 

    Хятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэвПрофессор Ван Фэн цөлжилттэй тэмцэх дараах гурван тодорхой арга хэмжээг санал болгов.

Нэгдүгээрт, бэлчээрийн мал аж ахуйн шинжлэх ухаанч менежментийг хэрэгжүүлэх. Малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, сэлгэн маллах болон оторлох, бэлчээрийг тодорхой хугацаанд өнжөөх тогтолцоог хэрэгжүүлснээр бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах асуудлыг бууруулах шаардлагатай. Үүний зэрэгцээ малчдын олон жилийн турш хуримтлуулсан уламжлалт маллагааны  мэдлэгийг бэлчээрийн менежментийн бодлогод тусгах нь зүйтэй.

Хоёрдугаарт, доройтсон бэлчээрийн экосистемийг сэргээх. Уугуул ургамлын бүрхэвчийг сэргээхийн тулд бэлчээрийг хамгаалалтад авах, нутгийн уугуул ургамлын үрийг нөхөн сэргээж тарих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нөхөн сэргээлтийн бүхий л арга хэмжээг тухайн орон нутгийн усны нөөцийн даацад хатуу чанга нийцүүлэх шаардлагатай.

Гуравдугаарт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын гадаргын эвдрэлийг хатуу хянах. Уул уурхайг ашиглах бүхий л үе шатанд нөхөн сэргээх ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, олборлолтын улмаас ил гарсан болон эвдэрсэн газрын гадаргыг бүхэлд нь нөхөн сэргээх арга хэмжээ авах шаардлагатай.

Хүн төрөлхтөн эцэс сүүлд цөлжилттэй тэмцэхэд “хэдэн мод нэмж тарьчихаад залбирах” төдий арга  хангалтгүй гэдгийг ойлгож эхэлж байна. Шинжлэх ухаанч менежмент, усны нөөцийн даац болон хил дамнасан хамтын ажиллагаа бүгд зайлшгүй шаардлагатай гэв. 

Хятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэв

    Профессор Ван Фэн нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх стратеги, бодлогын судалгааны албаны даргаар мөн давхар ажилладаг. Түүний судалгааны чиглэл нь хуурай бүсийн экосистемийн мониторинг, нөхөн сэргээлт болон тогтвортой хөгжил юм. Тэрбээр Улсын тэргүүлэх судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөр, Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан зэрэг үндэсний хэмжээний 10 гаруй төсөл, хөтөлбөрийг гардан удирдаж хэрэгжүүлсэн.

    Тэрбээр 10-аад эрдэм шинжилгээний бүтээлийг дангаар болон хамтран туурвиснаас гадна хэд хэдэн шинэ бүтээлийн патент болон программ хангамжийн зохиогчийн эрх эзэмшдэг. Түүний судалгааны үр дүнг Хятадын Үндэсний хуурай газрын экосистемийн байршилд суурилсан ажиглалт, судалгааны сүлжээ болон Үндэсний ой, бэлчээрийн экосистемийн иж бүрэн мониторингийн ажилд нэвтрүүлэн ашиглаж байна.

Хятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэвХятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэв

Хятад эрдэмтэн цөлжилттэй тэмцэх талаар гурван санал дэвшүүлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн