. Узбекистан улсад хоёр дахь атомын цахилгаан станцыг /АЦС/ барихаар томоохон бэлтгэл ажил явагдаж байгааг Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев анх удаа олон нийтийн өмнө зарлалаа.
Тэрбээр 17-ны өдөр Хорезм мужид болсон хөрөнгө оруулалтын төслүүдийн нээлтийн үеэр энэ тухай мэдэгдээд, АЦС нь хөрөнгө оруулагчдыг эрчим хүчээр найдвартай хангах, эрчим хүчний өртгийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.
Сүүлийн есөн жилийн хугацаанд тус муж 7.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан бөгөөд энэ удаад Ерөнхийлөгч 7.4 тэрбум долларын 15 объектыг барих ажлыг эхлүүллээ. Үүний дүнд 6600 ажлын байр бий болно.

Эрчим хүчний болон дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар ярихдаа Ш.Мирзиёев Жизак мужид баригдаж буй АЦС-ыг дурдлаа. “Манай улс байгуулагдсаны 35 жилийн ойн үеэр та бүхэн ямар шинэчлэлүүд хийгдэж буйг хараарай, Жизакт АЦС баригдана гэж бид төсөөлж байсан гэж үү?” хэмээн төрийн тэргүүн хэлэв. Харин хоёр дахь АЦС-ыг барих газар, хүчин чадал, төслийг хэрэгжүүлэх хугацааг одоогоор нууцалж байна.
Сануулан дурдахад, Жизак мужуийн Фаришын районд барьж буй АЦС-ын бага модулийн реакторыг 2029 оны 10 эсвэл 11 дүгээр сард, хоёр дахь реакторыг үүнээс зургаан сарын дараа ашиглалтад оруулах бөгөөд эхний эрчим хүчний томоохон блокийг 2033 онд ажиллуулж эхлэх ба 9.5 тэрбум долларын өртөгтэй төслийг 2034-2035 онд бүрэн хэрэгжүүлж дуусах ажээ. АЦС-ын нийт хүчин чадал нь 2110 МВт бөгөөд жилд 17 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Төслийн үндсэн хэсгийг Оросоос авах хөнгөлөлттэй экспортын зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
ОХУ-ын “Росатом” компани цөмийн түлш нийлүүлэх, АЦС-ыг ажиллуулах, ашигласан цөмийн материалыг аюулгүй болгох, хадгалах асуудлыг хариуцаж байгаа ажээ.