Шакира Колумбид 10 сургууль барихад тусална

БОГОТА, 2026 оны наймдугаар сарын 20/ANADOLU/. Колумбийн дуучин Шакира газар хөдлөлтийн улмаас нурсан Чокогийн Технологийн их сургуулийн барилгыг сэргээн босгох ажлыг удирдахаас гадна шинээр 10 сургууль барихад дэмжлэг үзүүлнэ.

Тэрбээр Чоко мужид Америкийн бизнес эрхлэгч Говард Грэм Баффетын хамт очихдоо энэ тухайгаа мэдэгджээ. Хүүхдүүд сургуульдаа яваагүй өдөр бүр нь тэдний ирээдүйг зогсоож байна гэсэн үг, үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн Шакира хэллээ.    

Түүний санаачилгаар нурсан сургуулийн барилгуудыг сэргээн босгоход 1 сая долларын хандив цугларсан бөгөөд Global Citizen, Live Nation компаниуд тус бүр 500 мянган доллар хандивласан байна. Дуучин бүсгүй Канад, Япон, Их Британийн засгийн газрууд, хувийн хэвшлийн компаниуд, өглөгийн сангуудад хандан Чоко мужид явагдаж буй сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Шакира Америкийн бизнес эрхлэгч Баффетын хамт Чоко мужийн захирагч Нубия Каролина Кордоба-Кури болон хүүхдүүдтэй уулзсан байна. Баффет бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Уоррен Баффетын хүү юм.

Хэвлэлүүдэд бичсэнээр, Баффет 2008 оноос хойш Колумбид хэрэгжиж буй хөдөө аж ахуй, дэд бүтцийн төслүүд болон мина цэвэрлэх ажиллагаанд 160 гаруй сая доллар зарцуулжээ.  

Энэ сарын 10-нд Колумбид болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 300-гаас давсан байна.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн