Зеленский ахлах зөвлөхөө халжээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ахлах зөвлөх Ирына Мудрагаа авлигын мөрдөн байцаалттай холбоотойгоор ажлаас нь халжээ. Ирына Мудрагийн гэрийг албан тушаалтнууд нэгжиж шалгаж байгаа мэдээлэл Украины хэвлэлүүдэд удаа дараа гарсны эцэст Зеленский түүнийг халах тушаал буулгасан байна. Гэхдээ Зеленский ямар нэг албан ёсны шалтгаан тайлбар хэлээгүй.

“NABU” буюу Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалтнуудын оролцоотой эрүүгийн бүлэглэлийг илрүүлэх тусгай ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн байна. Уг хэрэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, одоогийн парламентын нэг гишүүн, парламентын нэгэн гишүүн асан, төрийн өмчит банкны гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн дарга холбогдсон гэж мэдэгдэлд дурджээ. Тус бүлэглэлийг төрийн өмчит банкаар дамжуулан 150 сая гривен буюу 2.5 сая фунт стерлинг угаасан гэж буруутгаж байна. Мөн энэ мөнгийг өнгөрсөн зургадугаар сард авлигын хэргээр шалгагдаж буй Эрчим хүчний сайд асан Герман Галущенког батлан даалтад гаргахад ашигласан гэж үзэж байгаа аж.

Энэ явдлаас нэгхэн өдрийн өмнө Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров улс орон нь засаглалын хямралтай нүүр тулгараад буйг хэлж, дайны цагийн сонгууль явуулахыг уриалаад байсан билээ. Мөн тэрбээр “Авлига бол зүгээр л нэг шинж тэмдэг нь. Гол асуудал нь бүр гүндээ байгаа. Бидэнд засаглалын системийн хямрал тулгараад байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн