Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх төслийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, иргэдийн орлогыг хамгаалах төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-д өргөн барьж байгаагаа гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрын зарим сайдынхаа хамт төсвийн тодотголоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Ерөнхий сайд Н.Учрал ярихдаа “Эдийн засгийн өсөлтийг инфляц идэж байна. Төсвийн орлого төсөөлнөөс 2.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаан эдийн засгийн тооцоолол гэдгийг хэлэхийг хүсэж байна. Төр зардлаа хэмнэж, бүсээ чангална. Хэмнэсэн төсвөө цалин, тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйл зарцуулна. 2026 оны улсын төсвийн тодотгол бол иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах, үнийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн нөөцүүдийг хамгаалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин, тэтгэвэр зэрэг зайлшгүй шаардлагатай орлогоо нэмэгдүүлэхэд тодотгол чиглэсэн. Төр бүсээ чангалж, төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардлыг танаж, томилолт, сургалт сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, машин техник, тэтгэмж, шагнал урамшуулал, хурал форум, цаас бичиг зэрэг зардлаас 1.4 их наяд төгрөгийг хэмнэх зардлыг танах төслийг өргөн барьж байна. Нийт 433 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас хэмнэсэн. Сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна. Нөгөө талдаа ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна. Урсгал зардал 433 тэрбум, нийслэлийн үнэт цаасны зардал 758 тэрбум, хөрөнгийн зардал 249.5 тэрбум төгрөгийг танахаар төлөвлөсөн” гэлээ.
Ерөнхий сайдын мэдээллээс онцлох ишлэлүүдийг хүргэе.
-Ирэх арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмнэ.
-475 мянган ахмад настанд суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно. Ахмад настны тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмнэ.
-Дэлхийд дайн тулаан болж улс орнуудын зөрчил хурцдаж байгаа учраас Монгол улс 2027 онд стратегийн бүтээгдэхүүнээ нөөцлөх гэж байна. Үүнд:
Улаан буудай-100 мянган тонн
Хүнсний ногоо-12 мянган тонн
Мах-20 мянган тонн
Шатахуун-299725 м3 нөөцөлнө.
-Цахилгааны үнийг нэмэхгүй. Иргэдэд ачаа үүрүүлэхгүй байхын тулд эрчим хүчний салбарт 107.3 тэрбум төгрөгийн татаас өгнө. Засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг тавьж өгнө.
-Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гэр ойр сургууль хөтөлбөр хэрэгжүүлж, нэг ангид 35-аас доош хүүхэд суух нөхцөл бүрдүүлнэ. Шаардлагатай төсөв нь 50 тэрбум төгрөг байна.
-Авлигатай холбогдсон, холбогдож байсан хүмүүсийг бүх материалынх нь хамт хууль хяналтын байгууллагад өгч байгаа. Аль ч нам хамаарахгүй үнэн зөв шалга гэж үүрэг болгосон.
-Нефтийн үйлдвэр барих асуудал дээр шахаж ажиллана. Цаг тухай бүрд нь ажлыг нь хийлгэж, очиж шалгана. Одоогоор 14 байршилд хайгуул хийж байна.
-Өнгөрсөн хугацаанд халамж, хөнгөлөлттэй зээлүүд огт нүдээ олоогүй. Зорилтот бүлэгтээ хүрээгүй. Үүн дээр “еxit” зарчим барьж ажиллана. Үр дүнг нь заавал үздэг болно.