Ногоон бүсэд “Үндэсний ногоон лаб” бизнес өдөрлөг болж байна

“Үндэсний Ногоон Лаб”-ийн ажлын алба, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Байгалийн Өв Сан хамтран COP17-гийн Ногоон бүсэд “Үндэсний Ногоон Лаб” монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэх нь өдөрлөг зохион байгуулж байна.

Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, ногоон төслийн хэрэгжүүлэгчид энэ үеэр монголын бэлчээр, ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалтын орчны талаарх яриа хэлэлцүүлэг өрнүүж, энэ онд шалгаруулсан 15 төслийг танилцуулав. Эдгээр төсөлд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, үүнд тулгарч буй сорилтыг даван туулах арга зам, ногоон төслийн нүүрстөрөгчийн зээлийн боломжийн талаар ярилцлаа.

Ногоон бүсэд “Үндэсний ногоон лаб" бизнес өдөрлөг болж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төслийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жавхлан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Манай улс “Бэлчээр ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг зарлаж, СОР17-г эх орондоо хийх болсон нь олон зуун жил нүүдэллэж ирсэн үндэстэн газар нутгаа хамгаалах, хөрөнгө оруулах, хойч үедээ өвлүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлж буйг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. Ерөнхий сайд COP17-г нээх үеэрээ хурлын үр дүн нь бичиг цаас бус дараагийн алхмыг тодорхой болгох гэрээ хэлэлцээр, үр дүн, түншлэл байх ёстойг тодотгосон. Энэ бол бидний энд цуглах шалтгаан мөн. Монголд сайн санаа дутагдаагүй. Манай судлаач, малчин, бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид байгаль дэлхийтэйгээ зохицон шинийг санаачлах арга замыг олсоор ирсэн. Тэдгээрийг хөрөнгө оруулахад бэлэн, өргөжүүлэх боломжтой төсөл болгон хувиргах тогтолцоо хэрэгтэй. Энэ орон зайг нөхөхийн тулд “Үндэсний ногоон лаб” байгуулсан. Ногоон шилжилтийн амжилт нь сайн санааг хэрэгжүүлэхэд туслах тогтолцоо юм. Платформ нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр”, “Алсын хараа-2050”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнтэй уялдсан. Мөн Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр, Биологийн олон янз байдлын тухай конвенц, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын тогтолцоотой ч нийцэж байна. COP17 бол бидний барианы шугам бус амжилтын дараа энэ 15 төсөл тогтвортой бизнес болон өргөжиж, сэргээгдсэн бэлчээр нутаг нь хойч үеийн малчин түмнийг тэтгэж, олон улсын түнш маань Монгол Улсыг байгалийн баялаг арвин төдийгүй ирээдүйн ногоон эдийн засгийг цогцлоох итгэлт түнш гэж харснаар хэмжигдэх болно” гэв.

Ногоон бүсэд “Үндэсний ногоон лаб" бизнес өдөрлөг болж байнаЭнэ үеэр Монголын Байгалийн Өв Сан дээрх төслүүдийг дэмжсээр байх болно гэдгээ тус сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Жастин Шанти Александр илэрхийлээд, ирэх жилүүдэд гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулахыг уриалсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын Байгалийн Өв Сан, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Ногоон Лаб”-ийг 2024 онд байгуужээ. Платформ нь үр нөлөөтэй ногоон төслийг тодорхойлж сонгон шалгаруулаад, хөгжүүлэн, хөрөнгө оруулагчидтай холбож, техник, санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг. Ингэхдээ төсөл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, цаашид тогтвортой санхүүжжих боломжтой юу, инновац шингээсэн эсэхийг харгалзан үздэг байна. 

Ногоон бүсэд “Үндэсний ногоон лаб" бизнес өдөрлөг болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн