Амазон компани оны эцэс гэхэд АНУ-ын хэдэн зуун хот сууринд дроны хүргэлтийн үйлчилгээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Одоогоор тус компани ойрын хэдэн хотыг хамарсан 11 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос 2013 онд нисгэгчгүй дронуудыг танилцуулж, дөрвөөс таван жилийн дотор энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болно гэж таамаглаж байснаас хойш 10 гаруй жилийн дараа энэхүү төлөвлөгөө хэрэгжиж эхлэх гэж байна.
Amazon компани одоогоор Небраска мужийн Папиллион болон Флоридагийн Раскин зэрэг 11 байршилд дроноор хүргэлт хийж байгаа бөгөөд цаашид Нью-Йорк мужийн Сиракуз, Кливленд орчмын бүс нутгууд зэрэг газруудад үйлчилгээгээ өргөтгөхөөр төлөвлөж байна. Нэг хүргэлтийн төв нь ойролцоогоор 7.5 бээр буюу 12 км-ийн радиуст хэд хэдэн хот, тосгодод хүрч чадна. Ийнхүү өргөн цар хүрээг өргөжүүлэхдээ 500 орчим газарт хүрэх боломжтой.
Amazon 2013 оноос хойш “Prime Air” дронуудаа хэд хэдэн удаа шинэчилсэн юм. Эртний загварууд нь илгээмжүүдээ буулгахын тулд газарддаг байсан бол “MK30” нэртэй одоогийн хувилбар нь газраас хэдхэн фут өндөрт хөвж, илгээмжүүдээ буулгадаг.
Дрон хүргэлтийн үйлчилгээний хураамж нь хэрэглэгчдийн хувьд 4.99 ам.доллар байдаг бол Prime гишүүдэд 2 ам.доллароор хямд. 50 ам.доллар болон түүнээс дээш үнийн захиалгад хүргэлтийн хураамжаас чөлөөлдөг байна.
Компани ийм үйл ажиллагаа эхлүүлэхдээ орон нутгаас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүнд ихэвчлэн орон нутгийн зөвлөлийн хурал, оршин суугчдын санал хүсэлтийг шаарддаг. Холбооны агаарын тээврийн газраас (Federal Aviation Administration) тэдэнд АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нисэх зөвшөөрлийг олгосон байна.
