Орон нутгийн сургуулиудын модон нүхэн ариун цэврийн байгууламжийг бүрэн хална

Боловсролын яамнаас 2026-2027 онд эрүүл, аюулгүй, ногоон, ухаалаг сургууль гэсэн дөрвөн чиглэлд анхаарал хандуулж ажиллахаа Л.Энх-Амгалан сайд танилцуулсан.

Тэгвэл “Эрүүл сургууль” чиглэлийн хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтолцоонд оруулж, сургуулийн хоол, ундны ус, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хүүхдийн сурч хөгжих эрүүл орчныг бүрдүүлэх аж.

Тэрбээр ярихдаа “Орон нутагт эрүүл, аюулгүй сургууль гэдэг хүрээнд нүхэн ариун цэврийн байгууламжийг халж байгаа. Гурван жилийн хугацаанд 1200 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн ариун цэврийн байгууламжийг халаад энэ жил дуусгаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөөд байгаа 332 сургуулийн 317 нь, 218 цэцэрлэгийг 210 нь цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилсэн байна. Мөн хүүхдүүдийн чиптэй бугуйвчаар нь сургууль, гэрээсээ гарсан, ирсэн маршрут, цагийг тогтооно ” гэв.

Түүнчлэн улсын хэмжээнд 60 орчим сургууль шинээр ашиглалтад орж байгаа юм байна. Ингэснээр анги танхимын хүртээмж багасах бөгөөд гурван ээлжээр хичээллэдэг үзэгдлийг бүрэн зогсоох зорилготой аж. Мөн анги дүүргэлтийг 40 хүүхдэд барих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 27 мянга орчин сурагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаас гадна төрөлжсөн ахлах сургууль байгуулж 8000 гаруй суралцагч хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан өнөөдөр 15:00 цагт энэ салбарт хийж буй шинэчлэлүүд болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулах ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн