Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан “Ulchi Freedom Shield” цэргийн сургуулилалт Даваа гаригт /2026.08.17/ эхэлсэн. Энэхүү сургуулилалт наймдугаар сарын 27-нийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа хугацааг наашлуулж, наймдугаар сарын 21-нд дуусгах болгожээ.
Өмнөд Солонгос, АНУ хоёр улс Солонгосын хойгт үүсч болзошгүй таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сургуулилалтыг зохион байгуулсаар ирсэн. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гаригт Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах үүрэг даалгаврыг Пентагонд өгсөн юм. Учир нь уг сургуулилалт түүний найз нөхөр Хойд Солонгост зохисгүй бөгөөд дайсагнасан дохио илгээж байна гэж тэр үзжээ. Хойд Солонгос ч хоёр улсын хамтарсан сургуулилалтыг буруушаасаар ирсэн билээ.
Дашрамд дурдахад, Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ч хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын ач холбогдолд эргэлздэг байсан. Тэрбээр уг сургуулилалтыг өндөр өртөгтэй хэмээн шүүмжлэхийн зэрэгцээ өөрийнх нь найз Ким Жон Уныг шаардлагагүйгээр өдөөн хатгасан үйлдэл гэж хэлж байжээ. Трамп өнгөрсөн онд ч Өмнөд Солонгостой хийсэн худалдааны хэлэлцээний үеэр цэргийн зардал хуваалцах асуудлыг хөндөж, тус улсыг АНУ-ын цэргийн хамгаалалтыг үнэгүй ашиглаж байна гэж буруутгаж байсан.