Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж өнөөдөр “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум- 2026”-гаар үргэлжилж байна. 

Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар газар, ус, байгальд чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэхэд бодлого, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа яагаад чухлыг онцолно. Ерөнхийлөгчийн ивээл дор оролцогч талуудтай хамтран 2022 оноос зохион байгуулж ирсэн тус форумын эхний өдөр буюу өнөөдөр тогтвортой бэлчээр, мал аж ахуйн санхүүжилт, усны тэсвэртэй байдал, цэнхэр санхүүжилт, байгальтай холбоотой санхүүгийн эрсдэл чиглэлээр бодит туршлага, судалгаа, санхүүгийн шийдлийг хуваалцах юм. Харин маргаашийн хэлэлцүүлэгт урт хугацааны байгаль хамгааллын санхүүжилт төсвийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан арга хэрэгслүүдийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  

Форумыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэлсэн үгэндээ, “Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр ихсэж, хэт халалт, түймэр, ган, үер усны гамшиг нүүрлэн, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж их хохирол учирч, дайн, өлсгөлөнгийн улмаас олон сая хүн хохирч, амиа алдаж, дүрвэгсдийн тоо ч нэмэгдсээр байна. Дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтсон нь 3 тэрбум гаруй хүний амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна. НҮБ-ын үнэлгээгээр 2030 он гэхэд газрын доройтлыг сэргээж, ганд тэсвэртэй нөхцөл бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тогтоосон. Гэтэл ердөө 77 тэрбум ам.доллар буюу хэрэгцээт санхүүжилтээс 4.6 дахин бага мөнгө цугларч, 280 орчим тэрбум ам.доллар дутаж байгаа юм. Иймд байгалиа доройтлоос хамгаалж, нөхөн сэргээхэд  санхүүжилт дутаж байна. Улс орнууд хүсэл зорилгоо нэгтгэн, харилцан ойлголцож, хамтран ажиллавал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд замхрахгүй.

Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”,“Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэх цогц санаачилга юм. Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгосон тул бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийг дэлхийд таниулах боломж бүрдэж байна.

“Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум- 2026”-гийн үеэр бид байгаль эх, газар, усны тогтвортой байдлыг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэх зорилготой Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономи, Цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци зэрэг үйл ажиллагаа, шинэ санаачилгыг эхлүүлээд байна. Байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал чухлыг тэмдэглэж байна. Хүн төрөлхтний оршин тогтнохуйн төлөөх тогтвортой санхүүжилт нь эх дэлхий, ирээдүй үеийнхөө төлөө оруулж буй хөрөнгө оруулалт юм” хэмээв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн G20-ийн Глобал газрын санаачилгын Зохицуулах газрын дарга Мурали Тумарикуди энэ үеэр “Эх газар биднээс их урт настай учир хэзээд байж л байна гэдэг хандлагаар бодож ирсэн. Харин орон нутагт байгаа малчид нөөцөө хойч үедээ өвлүүлэх тухай ярьж ирсэн. Монгол Улс ус, хөрсөө хамтад нь хамгаалах соёлыг 800 жилийн өмнөөс тээж ирсэн. Үүнийг одоо тогтвортой хөгжил гэж нэрлээд байгаа. Бид “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулж буй СОР17, мөн “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд цуглаад байна. Хэдий 197 орны төлөөлөгч хамтын хэлэлцээ хийх нь чухал ч хөрөнгө оруулалтгүй бол хурлаас баталсан шийдвэр цаасан дээр үлдэж, нэг ч газар нутгийг сэргээж чадахгүй. Энэ танхимд байгаа хүмүүс түүнийг санхүүжүүлж чадна. Тогтвортой санхүүжилтийн форум нь эдгээр өдрүүдэд Улаанбаатарт болж буй хамгийн үр дүнтэй үйл явдлын нэг. Монгол Улсад ган, зудын давтамж олширч, олон сая малаа алдаж байна. Өмнө нь жаранд нэг болж байсан ган, зуд бол хэдхэн жилийн давтамжтай болжээ. Энэ нь зөвхөн Монголд болж буй зүйл биш Энэтхэгт ч гэсэн 100 жилд болдог үер 20-30 жилийн давтамжтай болсон.

Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Монголын хувьд малын эрүүл мэнд бас чухал. Малаа алдсан малчид хот суурин бараадсанаар төвлөрлийн асуудал үүсэж байна. Мөн агаарын бохирдол, шар шороон шуурга зэрэг хил дамнасан асуудал бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн шийдлийн нэг жишээ. Зөвхөн бэлчээр гэлтгүй хиргэдийн амьдрал эдийн засагт нөлөөлөх байдлыг нь үнэлж, түүний эсрэг авч буй арга хэмжээ. Монгол улс ногоон таксономыг 2019 онд баталсан. Энэ бол тогтвортой санхүүжилтийн замын зураглалаа гаргасан. 2030 он гэхэд банкнууд нийт зээлийн 10 хувийг ногоон болгоно гэсэн. Нийт 3,5 сая хүрэхгүй хүнтэй улс орон тогтвортой санхүүжилтийг яаж шийддэгийг бусад улсад харуулж буй үлгэр жишээ юм.

Эх дэлхийгээ хамгаалахад шаардлагатай 280 тэрбум ам.долларын дөнгөж 6 хувийг хувийн хэвшил гаргадаг. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, уул уурхайн салбарын үйл ажиллагаа 100 хувь газраас хамааралтай. Гэтэл 6 хувийн санхүүжилтийг газраа нөхөн сэргээхэд зарцуулж буй нь бага тоо. Иймд хувийн хэвшлийг түлхүү оролцуулах шаардлагатай гэдэг утгаараа энэ форум ач холбогдолтой. Газрын доройтлыг зогсоохдоо Засгийн газар бусад зээлийн эрсдэл, зээлжих зэрэглэлийг тооцоолж харгалзан үзэх хэрэгтэй. Газрын нөлөөнд өртсөн хүмүүст зээл авах боломж олгох ёстой. Гол нь эрсдэлийг нь яаж багасгах, ямар хэрэгсэл ашиглаж болохыг өнөөдөр ярилцахыг хүсэж байна. Мөн газар, ус бол нэг зүйлийн хоёр тал. Гэтэл санхүүжилт, төсвийн урсгал нь хоёр тусдаа байдаг тул энэ хоёрын огтлолцлыг бий болгох тухай ярина. Бэлчээрт хөрөнгө илүү оруулах боломжтой болгох хэрэгтэй. Бэлчээрийг доройтсон ойн бүрхэвч бүхий газар гэж үздэг. Бэлчээр бол өөрийн гэсэн экосистемтэй, ойгоос тусдаа ангилалд байх ёстой. Форумын үеэр тодорхой тоон дээр төвлөрч амлалт өгөх хэрэгтэй. 2030 онд эргэж цуглаад энэ амлалтдаа хүрсэн үү, санхүүжилтийн эх үүсвэрийг дайчилж чадаж уу гэдгээ ярилцах хэрэгтэй. Монголын нүүдэлчид бидэнд “газрын доройтлыг зогсоож чадахгүй бол тайлан баланс дээрх тоог багасгаж чадахгүй. Иймд газраа нөхөн сэргээснээр итгэл найдварыг дахин бадраана. Үүний төлөө санхүүжүүлье” гэсэн санааг бататгалаа гэв.


Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, “Хөрсний доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт нь хүнсний үйлдвэрлэл, ард иргэдийн амьжиргаа, бүс, орон нутгийн хөгжил болон нийт эдийн засгийн үйл ажиллагаанд мэдрэгдэж, нийгмийн сайн сайхан байдалд ч нөлөөлж байна.  Манай улсад эдгээр сорилт бодитоор тулгарсныг хурлын үеэр олон талаас харуулна. Монгол орны уудам бэлчээр, усны нөөц, нүүдлийн мал аж ахуй, байгаль орчин, уламжлалт амьдралын хэв маяг хөдөөгийн олон өрхийн амьжиргаатай холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, усны эрсдэл нэмэгдэхийн хэрээр малчдын амьжиргаа улс орны нийгэм эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварт дарамт учруулж байна.

Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Байгаль орчны асуудал нь зөвхөн Монгол Улсад тулгарч буй сорилт биш. Энд цугласан улс орнууд газар зүйн байршил, хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтцийн хувьд ихээхэн ялгаатай ч боломж ашиглах нөөц нь харилцан адилгүй. Харин уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны доройтолтой холбоотой бидний өмнө тулгарч буй сорилт бол аливаа улс орны хил хязгаар аль нэг байгууллагын чиг үүргээс давсан гэдгээрээ онцлог юм. Иймд уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг шийдлийг нэг улс, байгууллага бие дааж хийх аргагүй. Сорилтууд маань нийтлэг учир шийдлээ ч хамтдаа гаргах ёстой. Тиймээс бид нэг зорилгоор нэгдэж хуран цуглаад байна. Энэ хамтын хүчин чармайлтад санхүүгийн салбарт чухал хувь нэмэр оруулах, сорилтыг шийдэх бодлого хэрэгтэй. Бодлогыг ажил болгоход санхүүжилт шаардана.  Доройтсон газрыг нөхөн сэргээх усны аюулгүй байдлыг бэхжүүлэх экосистемийг хамгаалахад төсвийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө, олон улсын хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй уялдуулах шаардлагатай. Форум нь нэг сорилтыг олон өөр өнцгөөс авч үзэх боломж бүрдүүлж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын санхүүжилтийн таксономыг баталж, бодит ажил болгоно. Таксономи нь хөрөнгийг найдвартай, хэмжигдэхүйц, хөгжлийн зорилттой нийцсэн үйл ажиллагаанд чиглүүлэх бодлогын чухал хэрэгсэл юм. Хэлэлцүүлгүүд тодорхой арга шийдлийг санал болгож үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Мөн та бид нэгнээсээ суралцах боломжтойг харуулж санхүүжилтийн төрөл бүрийн эх үүсвэр, мэргэжлийн мэдлэг туршлагыг хэрхэн илүү үр дүнтэй уялдуулж болохыг ойлгоход тусална гэж итгэж байна” хэмээн ярьсан юм.

Тогтвортой санхүүжилтийн холбооны дарга О.Амарзаяа, “Арав гаруй жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн форум энэ удаад СОР17-гийн хүрээнд болж буйгаараа онцлог. Мөн зөвхөн санаа оноог одоо бий болгох биш, институтийн тогтолцоо дүгнэлт, бодит үр дүн гаргаж ирж байна. Энэ платформоор дамжуулан Монголын Байгалийн өв сан, Монголын ногоон санхүүжилтийн корпорац зэрэг байгууллага шинээр байгуулагдсан. Тогтвортой санхүүжилтийн холбоо 16 гишүүн байгууллагатай. Бид таксономи гаргаж, амлалтаас хэрэгжилт рүү орох том цэг болж өгсөн. Мөн 2019 оноос хойш нийт 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг эрчим хүчний хэмнэлт, ногоон санхүүжилт, хөдөө аж ахуйн тогтвортой дадлыг түгээхэд зарцуулжээ. ОУСК-тай хамтраад цэнхэр бүтээгдэхүүнээ анх удаа гаргаж байна. Цэнхэр эдийн засаг буюу усны салбар луу санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудтай тогтвортой санхүүжилтийн зах зээлээ хөгжүүлэх төрөлжүүлэх үүргээ ч үргэлжлүүлнэ. Бүх оролцогч талтай хамт зөвхөн ярих бус тодорхой алхам, ажил үйл ажиллагаа явуулахад анхаарна” гэлээ.

Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, бусад түншд байгууллага хамтран зохион байгуулж байна.

Байгалиа сэргээж, газрын доройтлыг багасгахад тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн