ДАККА, 2026 оны наймдугаар сарын 13 /Kazinform/. Эмэгтэй зорчигчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах зорилгоор эмэгтэй жолоочтой тусгай автобусны үйлчилгээг Бангладешийн эрх баригчид нэвтрүүлжээ.
Тус улсын Зам тээврийн сайд Шейх Рабиул Алам мягмар гарагт энэхүү үйлчилгээг албан ёсоор нээх ёслолд оролцлоо.
Эдгээр автобус нь Бангладешийн Зам тээврийн корпорацын (BRTC) шууд хяналтын дор үйлчлэх юм.
Нээлтийн ёслолын үеэр сайд хэлэхдээ, энэ үйлчилгээг цаашид улсын томоохон хот, сууринуудад нэвтрүүлж, нийтийн тээврээр зорчиж буй эмэгтэйчүүдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангана гэлээ.
Энэ санаачилгын хүрээнд эмэгтэй зорчигчид автобусанд суух, зорчих, буух хүртэл нь аюулгүй байдлыг нь эмэгтэй ажилтнууд ханган ажиллах юм.
Сайд Шейх Рабиул Алам “BRTC”-д хандан энэхүү шинэ үйлчилгээг эмэгтэй зорчигчдын хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй сайжруулж ажиллахыг уриаллаа.