Хятадын дарга Ши Жиньпин улс орноо ядуурлаас ангижруулах амбицтай зорилтоо анх танилцуулахдаа аль ч угсаатны бүлэг, аль ч үндэстний цөөнхийг ардаа үлдээхгүй гэдгээ тунхаглаж байв. Үнэхээр ч энэхүү тунхаглал дор улс орон цэцэглэн хөгжиж, алслагдмал хөдөө тосгон, айл өрх бүр амьжиргаагаа залгуулах арга учраа олсон гэдэг. Тодруулбал, Хятад улс бүс нутаг бүрийг эмх цэгцтэйгээр хөгжүүлснээр 2020 оны эцэст нэн ядуурлыг устгаж чадсан гэдгээ зарлажээ.
Өнөөдөр энэхүү үйл хэрэг хил хязгаарыг давж, бүх дэлхийг хэрсэн санаачлага болсныг хэн бүхэн мэднэ. Бүхий л асуудлын шийдэл нь хөгжил байдаг. Аливаа улс орны хөгжил эдийн засгийн үзүүлэлтээр нэн тэргүүнд хэмжигдэхээс гадна ард иргэдийнх нь амьдралын чанараар тодорхойлогддог билээ.
Хятад улс өдгөө дэлхий даяар олон янзын хөгжлийн санаачлага, тусламжийн хөтөлбөрүүдийг хэдэн арваар нь амжилттай хэрэгжүүлж байна. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Бүс ба зам”, 2021 оноос эхэлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачлага” зэргийг энд дурдаж болох юм.
Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Хятад ард улстай дипломат харилцаа тогтоогоод энэ жил 77 дахь онтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа худалдаа, эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсрол, соёл гээд тал бүрт чамлахааргүй түвшинд хөгжжээ. Үүний зэрэгцээ Хятадын улсын зүгээс Монголд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, тусламж, санаачлага ч арвин.
Тухайлбал, дипломат харилцаа тогтоосон тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл Хятадын олон мянган мэргэжлийн барилгачин Монгол орны бүх аймаг болон Улаанбаатар хотод ажиллан, орчин үеийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь Монгол Улсын орчин үеийн хот байгуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Тэдгээр ажилчны барьж, босгосон “Улаанбаатар” зочид буудал, Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр зэрэг олон барилга байгууламж одоо ч хоёр улсын найрамдалт харилцаа болон нийслэл хотын бэлгэ тэмдэг хэвээр байна.
Түүхийг илүү наашлуулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур” 1008 айлын орон сууц өнгөрсөн онд ашиглалтад орлоо.
Улаанбаатар хотын төвөөс холгүй орших 32-ын тойрог орчим шавар шавхайтайгаа хутгалдан байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр тус бүсэд 1008 айлын цоо шинэ орон сууц сүндэрлэн босч, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Төслийн хүрээнд 100 гаруй айлын газрыг чөлөөлж, 4.4 га талбайг хамарсан бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн байдаг.

Тус 1008 айлын орон сууц нь нийт найман блок, 21 давхар цутгамал төмөр бетон хийцтэй бөгөөд газар доороо зоорьтой. Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усыг хатаажээ. Ингэснээр, зоорийн давхар үер усанд автахааргүй болсон байна. Нэг давхартаа нийт зургаан айл байрлах ба 49.95 болон 55.04 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцтай аж.
Анх 2014 оны наймдугаар сард Хятадын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдсэн. Улмаар 2016 оны долдугаар сард Хятадын Ерөнхий сайд агсан Ли Көцян Монголд айлчлахдаа тусламжийн 350 сая юанийг гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд зарцуулах тохиролцоо хийсэн байдаг.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятад улс Монголд олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв” зэрэг хэд хэдэн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Хятадын буцалтгүй тусламжаар барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв”-ийг энд онцлон дурдъя. 2019 онд нээлтээ хийсэн тус төв нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг. Тус төвийн талбай 15 мянган м.кв, 250 ортой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээний дэд бүтцийн хэрэгцээг хангаж чадах, Монголын хамгийн том, хүчин чадал иж бүрэн, орчин үеийн байгууламж юм. Хятадын засгийн газар уг төвийн барилгыг бариад орхилгүй үргэлжлүүлэн анхаарал хандуулсаар ирсний нэг баталгаа нь Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн онд тус төвд клиник ур чадварыг хөгжүүлэх танхим хандивлажээ.
Тус төв нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төдийгүй тэдгээрийн гэр бүлийнхэнд итгэл найдвар өгөхөөс гадна Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг Элчин сайд асан Шэнь Миньжуань тухайн үед онцолж байсан юм.